Ерөнхий чуулган

Монголын Эмнести Интернэшнл (МЭИ)-ийн “Бидний эрх, Бидний дэлхий, Бидний ирээдүй” XXII Ерөнхий чуулган 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганд улс орны өнцөг булан бүрээс ирсэн орон нутгийн төлөөлөгчид, мэргэжил, сонирхлын бүлгүүд, залуучууд, бүсийн төвийн төлөөлөл зэрэг олон талт төлөөлөл оролцлоо.


МЭИ-ийн Удирдах зөвлөлийн дарга С.Ганчимэг чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Олон улсын Эмнести Интернэшнлийн 62 жил, МЭИ-ийн 29 жилийн ой болж байна. Өнөөдөр Эмнести Интернэшнл 150 гаруй орны 10 сая гаруй гишүүн, дэмжигчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү чуулганы уриа “Бидний эрх, Бидний дэлхий, Бидний ирээдүй” гэсэн сэдвээр хэлэлцүүлэх болно. НҮБ-ын Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлалын 75 жил, Венийн тунхаглалын 30 жил, Хүний эрх хамгаалагчийн тунхаглалын 25 жилийн ой болж байна. Энэхүү ойн жилүүд тохиож байгаа нь үндэсний хэмжээнд хүний эрхийн үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд энэ чиглэлээрх төрийн үүрэг амлалтыг одоо дахин сануулах, шаардах, хүний эрхийн соёл, нийтлэг хэм хэмжээг дэлгэрүүлэх, нутагшуулах, нөлөөлж ажиллах завшааныг бидэнд олгож байна” хэмээн танилцуулав.


Мөн Эмнести Интернэшнлийн Бүс нутгийн Хүний эрхийн боловсрол хариуцсан зохицуулагч Сомяа Димри “Эмнести Интернэшнл өнгөрсөн жилд хүний эрхийн боловсролын кампанит ажлаараа 4 сая хүнд хүрч ажилласан. Үүнд МЭИ ч хувь нэмрээ оруулсан. Ирэх жилүүдэд хамтдаа илүү их хүнд хүрч ажиллахаа амлаж байна” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.


Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол дахь Суурин Зохицуулагч Тапан Мишра илгээлтдээ “Би дэлхийн хүний эрхийн хамгийн нэр хүндтэй, нөлөө бүхий байгууллагуудын нэг болох Эмнести Интернэшнлтэй хамтран ажиллаж байгаадаа бахархаж, талархаж байна. Монгол Улс дахь хүний эрхийн асуудал, ялангуяа хүний эрхийн боловсрол, үзэл бодлоо илэрхийлэх, хуран чуулах эрх чөлөө, хөдөлмөрлөх болон орон байртай байх эрх, хүний эрх хамгаалагчид, эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцах зэрэг асуудлаар та бүхэн манлайлж байгааг бид үргэлж үнэлсээр ирсэн. Би та бүхний алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, ололт амжилт, үйл ажиллагаа, сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулж байгааг тань хараад биширч, үнэлж байна. “Бидний эрх, бидний дэлхий, бидний ирээдүй” сэдвээр та бүхэн хэлэлцэх гэж байгааг би энэ цаг үед дэлхий дахин болоод үндэсний нөхцөл байдалд хүний эрхийн мөрийн хөтөлбөрийн амин чухал болоод, онц яаралтайг онцолсон сэдэв хэмээн сайшаан дэмжиж байна” хэмээн онцоллоо.

Шударга бус татвар, өрийн дарамт, төсвийн хэмнэлт, нийгмийн хамгааллын асуудал нь Эмнести Интернэшнлийн анхаарлын төвд орж буй шинэ тулгамдсан сэдэв тул 2022-2028 оны Стратегийн нэгдүгээр үе шатанд Монголын Эмнести Интернэшнл нь бэлтгэл хангах, чадавх бий болгоход чиглэсэн ажлыг эхлүүлээд байна.


Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов “Монгол улс ази тивдээ Хүний эрх хамгаалагчийн бие даасан хууль баталсан анхдагч орон болсон бөгөөд уг хууль батлан гаргахад МЭИ чухал хувь нэмэр оруулсан. Түүнчлэн Хүний эрх хамгаалагчийн асуудлаарх Үндэсний механизм нь МЭИ-ийн туршлага дээр үндэслэн, хүний эрх хамгаалагчдыг хамгаалах, тэдний үйл хэргийг таниулах зэргээр хамтран ажиллаж байна” хэмээсэн бол Хүүхэд, залуучуудын төлөөлөл Б.Буянзаяа “Хүний эрх хэмээх үг хичээл дээр гарч ирэхэд тэр хичээл сонирхолтой болж эхэлдэг. Энэ байдал маань манай эгчээс шалтгаалсан байх хэмээн боддог. Учир нь манай эгч намайг бага байхад сургууль дээр гарч буй хүний эрхийн асуудлуудыг шийдэхийг эрмэлздэг байсан. Би 8-р ангиасаа Эмнестид элссэн. Би Эмнестид орохоос өмнө би хүний эрх хамгаалахын төлөө ганцаараа байдаг байсан бол Эмнестид орсны дараа өөртэйгөө адил олон хүмүүстэй таарсан. Миний энэ зун оролцсон олон улсын хурал дээр хүний эрхийг хамгаалагчдад тулгардаг асуудал дээр төвлөрсөн. Хүүхэд,залуучуудад эрхээ хамгаалах, бусдын эрхийн төлөө дуугарахад хүний эрхийн боловсрол чухал хэрэгтэй. Надад олгогдсон энэхүү цагаа тэрхүү хурлын оролцогчийн үгээс эш татахыг хүсч байна. Пакестинаас оролцсон төлөөлөгч Жана Жэйхад: Томчууд биднийг үргэлж ирээдүй гэж хэлдэг. Гэхдээ бид яг одоо энд байна шүү дээ. Тиймээс бидний эрхийг таниулаач хэмээн хүсэж байна” гэдгийг онцоллоо.

Ерөнхий чуулганаар 3 сэдэвчилсэн хэлэлцүүлэг болсон бөгөөд Салбар 1 “Өөрчлөгдөж буй дэлхий ертөнц дэх иргэний нийгэм, хүний эрхийн хөдөлгөөн” сэдвийн хүрээнд чиглүүлэгчээр МЭИ-ийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, зочноор Транспэрэнси Интернэшнл ОУБ-ын хараат бус зөвлөх, хуульч Д.Тэгшбаяр, Монголын Залуучуудын Эвслийн Удирдах зөвлөлийн дарга Т.Энхжаргал, МУИС-ийн УТОУХНУС-ийн захирал Ж.Баттогтох нар оролцсон бол Салбар 2 “Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрх” сэдвийн хүрээнд чиглүүлэгчээр МЭИ-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга Р.Очирбал, зочноор МУИС-ийн доктор, дэд профессор Ч.Сономдагва, НҮБ-ын Нийгэмлэг ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Хишигжаргал, Найруулагч, стилист Ц.Нямдулам нар оролцлоо. Мөн Салбар 3 “Цахим эрин дэх хүний эрх” сэдвийн хүрээнд чиглүүлэгчээр МЭИ-ийн цахим хэвлэл, медиа хариуцсан зохицуулагч Б.Оюунбат, зочноор хууль зүйн ухааны доктор М.Хатанзориг, Инфосек+ ХХК-ийн Технологи хариуцсан захирал Н.Буянтогтох, илтгэгчээр МЭИ-ийн Сан арвижуулалт хариуцсан зохицуулагч Б.Тэргэл нар оролцлоо.


Түүнчлэн Чуулганаар “МЭИ-ийн 2021-2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн тайлантай танилцсан бол МЭИ-ийн Хүний эрхийн боловсролын 2024-2027 оны стратеги, Өсөлтийн стратеги 2024-2027, Хүүхэд, залуучуудын стратеги 2024-2027”-г хэлэлцэн батлалаа. Мөн Удирдах зөвлөлийн гурван гишүүний сонгууль, Хяналтын зөвлөлийн сонгууль болж, МЭИ-ийн Удирдах зөвлөлийн даргаар Р.Очирбал, гишүүнээр М.Нандинцэцэг, Б.Идэржав, Э.Хүслэн, Хяналтын зөвлөлийн даргаар Б.Тодрол, гишүүнээр С.Нажидмаа, М.Чимгээ нар тус тус сонгогдлоо.