МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШЛИЙН TOЙМ МЭДЭЭ

Эмнести Интернэшнлийн Зүүн Азийн бүс нутаг хариуцсан хүний эрхийн судлаачийн айлчлал, Хүний эрхийг хамгаалагчдын үндэсний форум, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин Сайд болон Тайваний Цаазаар авах ялын эсрэг нийгэмлэгийн судлаачдийн Монголын Эмнести Интернэшнлийнхэнтэй хийсэн уулзалт,  Ази-Номхон далайн орнуудын Хүний Эрхийн Чуулган зэрэг үндэсний болон  бүс нутгийн хэмжээний хурал, уулзалтууд болж өнгөрлөө.

3-Р УЛИРАЛ

ЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ КАМПАНИТ АЖИЛ 

• 2015 он гарсаар Монгол улс хүн амины гэмт хэргээр 3-р сард, 9-р сард тус бүр 2 хүнд цаазаар авах ял оногдуулсан. Зүүн Азийн бүсийн төвөөс Монгол улсыг нэгдэн орсон цаазаар авах ялыг халах тухай Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 2-р нэмэлт протоколоор хүлээсэн үүргээ биелүүлж, цаазаар авах ял оногдуулахгүй байхад анхаарал хандуулахыг уриалсан албан захидлыг Хууль зүйн сайдад, хувийг Гадаад хэргийн сайд, Ерөнхий Прокурор, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга нарт хүргүүлэв.


• Кампанит ажил зохион байгуулахад гишүүдийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх талаарх чадавх бэхжүүлэх сургалтыг 2015 оны 9-р сарын 26-ны өдөр Монголын Эмнести Интернэшнлийн байранд зохион байгуулав. Сургалтанд Хуульчид, Багш, Эрэгтэйчүүд, Эмч, Оюутан, Сэтгүүлчдийн бүлгийн гишүүд хамрагдаж, Цаазаар авах ялын эсрэг өдрөөр хийх үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг гаргаж идэвхтэй оролцов.

 
ЭРСДЭЛД БУЙ ХУВЬ ХҮМҮҮС КАМПАНИТ АЖИЛ

Яаралтай хариу үйлдэл үзүүлэх үйл ажиллагааны хүрээнд Тайландын засгийн газарт хандан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар хүлээсэн үүргээ биелүүлж, тайван замаар хуран чуулах эрхийг хязгаарлаж буй хуулийн зүйл заалтыг халах, үзэл бодлоо илэрхийлсэн оюутнууд, идэвхтнүүдэд тулгаж буй хэргийг хэрэгсэхгүй болгохыг шаардсан албан захидлыг 2015 оны 9-р сарын 21-ны өдөр Монгол улсад суугаа Тайландын вант улсын өргөмжит консулд хүргүүлэв.

 
ЭРҮҮДЭН ШҮҮХИЙН ЭСРЭГ КАМПАНИТ АЖИЛ 
"Шударгаар шүүлгэх эрх" номын 2 дахь хэвлэлийг орчуулан хэвлэж, прокурор, шүүх, цагдаа,  ТББ-ууд, хууль зүйн сургуулиуд зэрэг холбогдох бүх байгууллагуудад хүргүүлэв. 
 
ХҮНИЙГ ХҮНДЭЛ КАМПАНИТ АЖИЛ

• 2015 оны 9-р сарын 3-12-ны хооронд өрнөсөн “Sweet September for Human Rights” аянаар Орон байртай байх эрх, албадан нүүлгэлтийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхийн дээр Эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ шаардацгаая, Та энд амьдардаг -Энэ бол таны орон гэр, Хүнийг хүндэл зэрэг гарын авлага түгээлээ.

 • МЭИ, Монголын Эмэгтэйчүүдийн сантай хамтран “ЭРХ ТЭГШ, АЮУЛГҮЙ, БАТАЛГААТАЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ! #ЗАМЫГ ГЭРЭЛТҮҮЛ-ACTION/2015” –ыг 2015 оны 09-р сарын 24-ний өдөр 20-21 цагт Чингисийн талбайд зохион байгуулж, Хүнийг хүндэл кампанит ажлын мессэжээ олон ийтэд түгээлээ. 

 #ЗАМЫГ ГЭРЭЛТҮҮЛ-ACTION/2015” нь дэлхийн 150 орны иргэний нийгмийн байгууллагууд нэгэн зэрэг зохион байгуулсан үйл ажиллагаа бөгөөд 2015-2030 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг цаасан дээр бус бодит ажил болгоход Засгийн газрыг хариуцлагатай байлгах, иргэний нийгмийн оролцоо, хяналтыг сайжруулах зорилготой байв. Энэ үйл ажиллагааг Монгол улсын 30 гаруй иргэний нийгмийн байгууллага дэмжин, шөнийн харанхуйг гэрэлтүүлэн Монгол улсын засгийн газрыг 2015-2030 онд НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтууд, ялангуяа, ядуурлын бүх хэлбэрийг устгах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах ,орон байртай байх эрхийг хамгаалах талаар замыг гэрэлтүүлэхийг шаардлаа.

 
ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ

• Монгол улсад Хүний эрхийн боловсролын үндэсний хөтөлбөртэй болох МЭИ-ийн том зорилгын хүрээнд Их, дээд сургуульд хүний эрхийн боловсрол олгож буй сургалтын хөтөлбөрийн талаар МЭИ-ийн гишүүдийн хэлэлцүүлэг хийж, ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.


• Завхан аймгийн иргэний нийгмийн байгууллага, малчдад зориулсан Хүний эрхийн хандлага суулгах 3 өдрийн сургалтанд 2014 онд хамрагдсан оролцогчдод Хүний эрхийн сургагч багшийн сургалт явуулж, дадлага хийж, Хүний эрхийн сургагч багш нарын эгнээг 15 хүнээр нэмлээ. Түүнчлэн, Завхан аймгийн Дөрвөлжин, Ургамал зэрэг 7 сумын 20 гаруй малчинд Хүний эрхийн сургалт явуулж, өөрийн болон бусдын эрхийг хамгаалах тухай мэдлэг, мэдээлэл олгосон.


• Хүний эрхэд ээлтэй сургууль хөтөлбөрийг “Sweet September for Human Rights” аянаар ерөнхий боловсролын сургууль, олон нийтэд сурталчлан “Тэнцэтгэлийг өөрчилцгөөе” болон холбогдох гарын авлага тараав.

 
ӨСӨЛТ, ХӨГЖИЛ

ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО
Эмнести Интернэшнлийн Олон улсын зөвлөлийн 32 дахь удаагийн хурал 2015 оны 8-р сарын 7-11-ний өдрүүдэд Ирландын Дублин хотноо боллоо. Тус хуралд ЭИ-ийн бүх салбар, секцийн төлөөлөгчид оролцон 2016-2019 он хүртэлх 3 жилийн хүний эрхийн стратегийн зорилтуудыг хэлэлцэн баталсан байна.

8-р сарын 08-нд Олон Улсын Эрүүгийн Шүүхийн өмгөөлөгч Н.Орчлон “Олон улсын эрүүгийн шүүхийн үйл ажиллагаа, Монгол хүн дадлага хийх боломж” сэдвээр гишүүдтэй чөлөөт ярилцлага өрнүүллээ.
9-р сарын 03-12-ны хооронд МЭИ-ийн Оюутан, Сурагч, Эмэгтэйчүүдийн бүлгийн төлөөлөл 15 гишүүн 2 баг болон хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх  “ Sweet September for Human Rights” аяныг өрнүүллээ.  Aяны хүрээнд Отгонтэнгэр ДС-ийн ХЗС, Хүмүүнлэгийн Ухааны их сургууль, Шихихутуг ХЗС, МУИС-НШУС, МУИС- Бизнес удирдлагын сургууль, Англи хэлний академи, МУИС-ийн ОУХС, МУБИС, ЕБС-ийн 38-р сургууль, Нарантуул худалдааны төв зэрэг газруудаар очиж оюутнууд, иргэдэд Эдийн засаг нийгэм соёлын эрх, Хүний эрхийн боловсрол, Хүний эрхэд ээлтэй сургуулийн талаар мэдээлэл өгч 553 шинэ гишүүн элсүүлэн эгнээгээ өргөжүүллээ. Мөн “Хүний эрхийн төлөө 100 төгрөг” хандивын аяныг өрнүүлж сан арвижуулалт хийлээ.
Зүүн Хойд Азийн Энх Тайвныг Цогцлоох Нийгэмлэгийн ээлжит Сургалтанд оролцогч 60 гаруй төлөөлөгч МЭИ-ээр зочилж, ЭИ-ийн үйл ажиллагаа болон Зүүн Хойд Ази дэх Хүний эрхийн болон энх тайвны асуудлаар чөлөөт ярилцлага өрнүүллээ. Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/groups/192497057549558/
9-р сарын 18-ны өдөр болсон ЭИ-ийн төслийн санал авах-Гишүүдийн III улирлын уулзалтанд 12 бүлгийн төлөөлөл 60 гаруй гишүүн оролцов. Тус уулзалтаар Олон улсын Зөвлөлийн хурлын шийдвэрүүд болон 3-р улирлын үйл ажиллагааны талаар танилцаж,  бүлэг гишүүдийн идэвхтэй оролцоог дэмжих ажлын хүрээнд МЭИ-ийн 10-12-р сард зохион байгуулагдах кампанит ажлуудад бүлгүүдийн саналыг цуглуулав. Бүлгүүд Цаазаар авах ялын эсрэг Дэлхийн өдөр, Эрхийнхээ төлөө бичицгээе, Эмнэлгийн ажилтнууд болон Сэтгүүлчдэд зориулсан хүний эрхийн сургалт, Цахим сургалтын бааз үүсгэх, кэйс цуглуулах, МЭИ-ийн төрсөн өдөр буюу сан арвижуулах үйл ажиллагаанд оролцохоор саналаа гаргаж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж эхлээд байна. 
 
УДИРДАХ ЗӨВЛӨЛ

2015 оны 3-р улиралд Удирдах Зөвлөл 1 удаа хуралдаж, 4 шийдвэр гаргасан байна. Батлагдсан шийдвэрүүдээс онцолбол:


• ОУЗХ-аас гаргасан шийдвэрүүдийг МЭИ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж ажиллах, гишүүддээ мэдээлэх тухай,
• МЭИ-ийн 2015 оны 1-2-р улирлын үйл ажиллагаа, санхүүгийн тайланг хэлэлцсэн тухай,
• МЭИ-ийн үйл ажиллагааг явуулахад илүү тохиромжтой ажлын байр түрээслэх тухай зэрэг болно.

Уламжлал ёсоор Удирдах Зөвлөл болон Хяналтын Зөвлөлийн шинэ гишүүдэд зориулсан Манлайллын сургалт 9-р сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа.
 
САН АРВИЖУУЛАЛТ
Жил бүр Олон Улсын Сургууль дээр зохион байгуулагддаг "Fall Fair" арга хэмжээнд оролцон тус сургуулийн багш нар болон эцэг эхчүүдэд ЭИ-ийн үйл ажиллагааны мэдээллийг түгээж, сан арвижуулалт хийлээ.
Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Улаанбаатар" дугуйн аялалд маань залуучууд тун идэвхтэй оролцож Спортын төв ордноос – бага тэнгэрийн ам хүртэл нийт 20км замыг туулж амралтын нэг өдрийг спортлог мөн эрүүл агаарт цагийг зугаатай өнгөрөөв.