МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН МЭДЭЭ

2016 ОНД МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ "ОНЛАЙН ЭРХ ЧӨЛӨӨ", "ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧДЫГ ХАМГААЛАХ НЬ" КАМПАНИТ АЖЛУУДЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА.

1-Р УЛИРАЛ

ЭРСДЭЛД БУЙ ХУВЬ ХҮМҮҮС

Эмнести Интернэшнлийн тайлангийн нээлт -2016 оны 2-р сарын 25

Эмнести Интернэшнлийн Тайлан 2015/16-г танилцуулах уулзалт Хууль зүйн Үндэсний Хүрээлэнд 2-р сарын 25-нд боллоо. Уулзалтаар дэлхийн хүний эрхийн нөхцөл байдал, бүс нутгийн хүний эрхийн тойм, Монгол улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, Bloomberg телевизийн редактор Э.Анхбаяр зочноор оролцлоо. Тайлангийн товчлол, хэвлэлийн мэдээ, тоо баримтыг www.amnesty.mn хаягаар орж үзнэ үү.

Тайлан, нээлтийн талаарх мэдээ мэдээлэл Өдрийн сонин, Зууны мэдээ, Үнэн сонин, SBN телевиз,  www.amnesty.mn; www.vip76.mn; www.montsame.mn; www.mmnews.mn сайтуудаар хэвлэгдэн олон нийтэд хүрлээ. Мөн Фээсбүүк хуудсаар дамжуулан түгээх үйл ажиллагаанд Оюутан, залуучуудын бүлгийн гишүүд идэвхтэй оролцож 15 000 гаруй хүмүүст зурагт мэдээллийг түгээв.

Олон нийтийн мэдэгдэл  

Монголын Эмнести Интернэшнлээс “Сэжигтэн, яллагдагчийн эмнэлгийн тусламж авах, шударгаар шүүлгэх эрх хангагдаж байгаа эсэхэд санаа зовниж байна” олон нийтийн мэдэгдлийг гаргалаа. Мэдэгдлийг  http://www.amnesty.mn/mn/aim-news/20160311-sejigten-yallagdagchiin-emnelgiin-tu сайтаар орж үзнэ үү. Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор, ШШГЕГ-ийн дарга, Төв аймгийн цагдан хорих газрын дарга нарт мэдэгдлийг албан захидлын хамт хүргүүллээ. Хоригдогчийн ар гэрээс Монголын Эмнести Интернэшнлд талархал илэрхийлэв.  

ОНЛАЙН ЭРХ ЧӨЛӨӨ КАМПАНИТ АЖИЛ
 

Эмнести Интернэшнлийн Ази Номхон далайн бүсийн төвөөс “Холбоо тасарсан нь: Хойд Солонгос дахь гадаад ертөнцийн мэдээлэл, гар утасны хэрэглээний хязгаарлалттайлангийн нээлтийг 2016 оны 3-р сарын 9-ний өдөр Өмнөд Солонгост эхлүүлсэн.

Монголын Эмнести Интернэшнлээс хэвлэлийн мэдээг орчуулан гаргаж www.amnesty.mn сайтаар олон нийтэд хүргэлээ. Мэдээллийг http://www.amnesty.mn/mn/aim-news/northkorea-20160309 линкээр орж үзнэ үү.
ЭРҮҮДЭН ШҮҮХИЙГ ЗОГСООЁ
 

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын ач холбогдол хэлэлцүүлэгт оролцон Монгол улсад эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үр нөлөө бүхий механизм, эрүүдэн шүүсэн гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах байгууллага байгуулах тухай асуудлаар илтгэл тавьж оролцлоо.

Мөн Женевийн Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн төлөөлөгчидтэй хийсэн “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үүрэг, ач холбогдол” сэдэвт уулзалтыг Нээлттэй Нийгэм Форумтай хамтран иргэний нийгмийн байгууллагуудын дунд зохион байгууллаа. 

ЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ

Монгол улсад зохион байгуулах Ази, Европын Дээд түвшний 11 дэх уулзалтаар хүний эрхийн асуудал, тухайлан хүний эрхийн хамгаалагчид, хүний эрхийн боловсрол, цахим орчин дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний асуудал, цаазаар авах ялыг халсан өөрийн орны туршлагаасаа хуваалцахыг уриалсан албан захидлыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Гадаад хэргийн сайд нарт илгээв.  

ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧДЫГ ХАМГААЛАХ НЬ КАМПАНИТ АЖИЛ

НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 31 дэх хуралдаанаар хэлэлцэх эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хамгаалагчдын асуудлаарх тогтоолд Эмнести Интернэшнлээс зөвлөмж гаргасан ба Хүний Эрхийн Зөвлөлийн гишүүн Монгол улс уг тогтоолын хүчийг сулруулах гэсэн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж, хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах тогтоолын төслийг дэмжсэн санал өглөө. Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах тухай уг тогтоолыг 33 улс дэмжиж, 6 улс эсрэг санал өгч, 8 улс түдгэлзжээ. 

ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ СОЁЛЫН ЭРХ
 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Олон улсын төвийн болон Бүсийн төвийн судлаачид төрийн болон төрийн бус байгууллага иргэдтэй уулзлаа. Мөн МЭИ-ийн гишүүдийн уулзалтаар зохистой орон байраар хангагдах эрх, болон албадан нүүлгэлтийн талаар мэдээлэл хийж хэлэлцүүлэг өрнүүлэв. Кампанит ажлын хүрээнд Зохистой орон байртай байх эрх нь ноцтой зөрчигдсөн иргэдийн хэргээр Яаралтай үйл ажиллагааг олон улсад зарлалаа. 

200 ИРГЭНД ОРОН ГЭРГҮЙ БОЛОХ ГАРЦААГҮЙ АЮУЛ ТУЛГАРААД БАЙНА.
ХЭРЭВ ТА ЭНЭ БАЙДЛЫГ ӨӨРЧИЛӨХИЙГ ХҮСВЭЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ ЗАХИА ИЛГЭЭНЭ ҮҮ. ХАМТДАА ХҮЧТЭЙ.

http://amnesty.mn/mn/action/200-irgen-gartsaagui-oron-gergui-bolokh-ersdel-tulgaraad-baina

ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ

Хүний эрхэд ээлтэй сургуулиар…

Хүний эрхэд ээлтэй сургуулиудын олон улсын үнэлгээний тайлангийн уулзалт, чадавхижуулах сургалт 2016 оны 3 сарын 25-нд 118-р сургууль дээр зохион байгуулагдлаа. Уулзалтанд Дархан, Эрдэнэт, Багануур, Улаанбаатарын нийт 9 сургуулийн ажлын багийн төлөөлөл оролцов. 

Уулзалтын үеэр Хүний эрхэд ээлтэй 118-р сургуулийн захирал Ц.Мөнхтөр өөрийн сургууль, хамт олны хийсэн ажлуудаас  танилцуулсан юм.  Хүүхдийн төлөө хийсэн, сэтгэл шингэсэн ажил бүр нь санаа авууштай, бахархууштай байлаа. Хүний эрхэд ээлтэй 118-р сургуулиас сурах юм их байлаа. 118-р сургуулийн нийт хамт олондоо хийсэн бүтээсэн бүхэнд нь маш их баярлалаа.  

Хүний эрхэд ээлтэй сургуулиудын багш нар маань амралтын өдрийг ч харгалзалгүй мэргэжлийн чадавхи, сургалтын технологи, арга зүйгээ хөгжүүлэхэд анхаарч байна. Хүний эрхэд ээлтэй сургуулиудын багш нарт зориулсан “Цахим хичээл бэлтгэх арга зүй” сургалтыг багш нарын бүлгийн гишүүн багш Дамчаасүрэн удирдан явууллаа. Сургалтанд Баян-өндөр цогцолбор, Эрдэм ахлах сургууль,  Дархан-Од цогцолбор, Дархан-19-р сургууль, улаанбаатар хотын бусад хүний эрхэд ээлтэй сургуулиуд хамрагдлаа. 

 
ӨСӨЛТ, ХӨГЖИЛ

Энэ оны 1 дүгээр сарын 12-25-ны  хооронд  Эмнести Интернэшнлийн олон улсын  стратегийн бодлогын баримт бичгийн хэлэлцүүлгүүд өрнүүлж гишүүдийн саналыг тусгалаа. Үүнд:

  • Хүний эрхийг өдөр тутмын амьдралд хэвшүүлэх нь: Хүний эрхийн боловсролын стратегийн асуудал
  • Кибер ертөнц танд эрсдэл дагуулах уу? Мөшгин хяналт ба хүний эрхийн асуудал,
  • Байгалийн эсхүл хүний үйл ажиллагаанаас үүдсэн гамшгийн үед авах арга хэмжээ зарчмууд,
  • Хүний эрхэд хөрөнгө оруулах цаг: Сан арвижуулах үйл ажиллагаанд баримтлах бодлого зарчим сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлэгт нийт 60 гаруй гишүүд оролцон санал өглөө.
   
       

БҮЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Бүлгийн ахлагчдын уулзалт 2016 оны  1-р сарын 28-нд болж, 12 бүлгийн ахлагч оролцлоо.  Уулзалтаар 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцан, санал солилцлоо.  Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг угтан Эмэгтэйчүүдийн бүлгээс  МУИС-ийн 100 оюутанд эмэгтэйчүүдийн эрхийн сэдэвт “Төмөр хошуут сахиусан тэнгэрүүд” киногоор хэлэлцүүлэг өрнүүлээ. 

Хуульчид, Үйлдвэрчний Эвлэл, Эмэгтэйчүүд, Сурагчид,  Завхан, Хөвсгөл, Хэнтий, Багануур, Архангай, Дархан, Эрдэнэт, Багш нарын бүлгүүд тус тус бүлгийн уулзалтаа хийж 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна.

 

Манлайлал

Монголын Эмнести Интернэшнлээс манлайлагч залуучууд хөтөлбөрийн хүрээнд “Манлайлагч-оюутан урт хугацааны хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийн асуудлаар манлайлах хүсэл эрмэлзэлтэй оюутнуудын, залуучуудын туршлага солилцох  уулзалт 2016 оны 2 дугаар сарын 26-нд болов. Уулзалтаар оюутан, залуучууд Хүний эрхийн төлөө сонирхолтой кампанит ажил өрнүүлэхийн зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх, найз нөхөд танилын хүрээгээ өргөжүүлэх, мөн үндэсний болон олон улсын түвшинд манлайлах боломж зэрэг асуудлаар чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Бүх гишүүдийн улирлын уулзалт

Гишүүдийн  I улирлын уулзалт  3-р сарын 17-нд  "Газартай холбоотой хүний эрхийн асуудал”-лууд  сэдвээр  өрнөсөн. Уулзалтын үеэр Эмнести Интернэшнлийн  ЭЗНСЭ-н бодлогын зохицуулагч Малавика Вартак, Зүүн Азийн бүс нутаг хариуцсан судлаач Хирока Шоши, Кэйти Барракло нар уригдан оролцож ЭЗНСЭ ба  албадан нүүлгэлтийн талаарх мэдээллийг гишүүдэд өгөхийн зэрэгцээ газар өмчлөх, эзэмших  эрхтэй холбоотой  “Маde in Ulaanbaatar” киногоор хэлэлцүүлэг өрнүүллээ.

Эмнести Интернэшнл шинээр гишүүнээр элссэн гишүүдэд Байгууллага танилцуулах “Эмнестид тавтай морил" сургалтыг 3 удаа зохион байгууллаа. Та энэ онд зохион байгуулагдах сургалтын талаарх дэлгэрэнгүйг мэдээллийг эндээс үзнэ үү

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

2016  оны 1-р улиралд Удирдах Зөвлөл 2 удаа хуралдаж, 11 тогтоол гаргасан байна. Батлагдсан  тогтоолоос онцолбол:

  • Эмнести Интернэшнлийн бодлогын баримт бичгийн стратегийн хэлэлцүүлэг өрнүүлэх тухай,
  • Сан арвижуулагч ажилд авах тухай,
  • Ажилтнуудын ажил үүргийн хуваарийг хэлэлцэх тухай,
  • 2015 оны үйл ажиллагааны, санхүүгийн тайлантай танилцах тухай
  • Сан арвижуулалтын шинэ бүлэг байгуулах тухай.
 
САН АРВИЖУУЛАЛТ

2016.01.29-02.29-ны хооронд 1 сарын хугацаатай Бүлгүүдийн дунд “Хүний эрхийн төлөө хэн хамгийн их сан арвижуулалт хийх вэ?” уралдааныг амжилттай зохион байгуулсан бөгөөд ялагчаар “Багш нарын бүлэг” шалгарч цом, мөнгөн шагналын эзэн болсон. Уралдааны үр дүнд 1 сарын хугацаанд Эмнести дэлгүүрийн 1,200,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулав.

 

Хүний эрхийн төлөө сан арвижуулалт хийх зорилгоор “Сomputer Аdded Translation” болон “Үс сайхан бол зүс сайхан” төлбөрт  сургалт боллоо.