ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ХАЛАХ ҮНДЭСЛЭЛҮҮД
АНУ-ын Иллинойз мужийн амбан захирагчид илгээсэн ил захидлууд

1. Цаазаар авах ял гэмт хэргийн гаралтыг бууруулдаггүй. Нийгэм оюун санааны хувьд доройтолд орсон нөхцөлд гэмт хэргийн гаралт нэмэгдэж, эрүүгийн нөхцөл байдал хүндэрдэг нь зүй тогтол юм. Иймд төр иргэнээ хамгаалж чадаагүйн төлөө, гэмт хэргийг бууруулахад оновчтой бодлого үйл ажиллагаа явуулаагүй байж бусдын амь насыг хороох нь байж болшгүй явдал. Тийм учраас энэ ялыг хэрэглэж болохгүй. Өөрөөр хэлбэл төр иргэдээ аллагаар сүрдүүлснээрээ олон нийтийн дэмжлэгийг хүлээж чадахгүй. Гэмт хэрэг гэдэг бол нийгмийн үзэгдэл бөгөөд гагцхүү түүнийг хуулийн хяналтаас гаргаж болохгүй. Хүн амины хэрэг үйлдэж буй хүмүүс олонх тохиолдолд эрүүл бус сэтгэцийн нөхцөл байдлаасаа болж (архидан согтуурсан эсхүл сэтгэцийн хямралд орсон байх үедээ) хийж буй үйлдлийнхээ үр дагаварыг ухамсарлах чадваргүй байдаг. Тиймээс тухайн нөхцөлд цаазаар авах ялаас айж эмээх сэтгэл тэдэнд төрдөггүй. Нөгөөтэйгүүр цаазаар авах ялаас айж сүрдэх нь бүр ч эсрэг үр дүн авчирдаг. Цаазын ялаас айсан гэмт хэрэгтэн “би дүүрсэн хүн” гэсэн сэтгэхүйгээр хандаж хохирогчоосоо гадна уг гэмт хэргийг харсан бүх гэрчийг устгахыг оролддог. Гэмт хэрэгтнийг баривчлах, яллах, шийтгэх нь гэмт хэргээс сэргийлэх найдвартай хамгаалалт болдог. 

2. Цаазаар авах ял нийгмийн эмзэг бүлгийнхэнд илүү оноогддог: Цаазаар авах ялаар шийтгэгдсэн хүмүүсийн дийлэнх хувь нь амьдралын түвшин доогуур, эмзэг бүлгийн иргэд байдаг. Учир нь тэд Үндсэн хуулиар олгогдсон өөрийгөө хамгаалах, хууль зүйн туслалцаа авах зэрэг эрхээ мөнгө байхгүйн улмаас эдэлж чаддаггүй. Өнөөдөр Монголд хөдлөшгүй баримт нотолгоогоор хүний гэм буруутайг тэр бүр тогтоож чадахгүй байна. Гэрчийн мэдүүлэг хөдлөшгүй баримт нотолгоо болж чаддаггүй. Хэн ч үгсэн хуйвалдаад нэгнийхээ эсрэг мэдүүлэг өгч болно. Манай нотлох баримт бүрдүүлэх арга ихээхэн хоцрогдсон, шинжлэх ухааны ололт дэвшлийг ашиглаж чадахгүй байгаа гэдгийг судлаачид сануулсаар байна. 

3. Шүүхийн алдаатай шийдвэр хэлмэгдүүлэлт авчирдаг. Цаазаар авах ялыг оноохдоо гэмгүй иргэний амийг хууль шүүхийн ажиллагааны алдаанаас болж төр егүүтгэсэн байх, эсвэл егүүтгэх шахаж байсан зэрэг шүүхийн ноцтой алдаанууд гарч байсан удаатай. Тухайлбал Завхан аймгийн харъяат Ч.Эрдэнэ-Очирыг 6 жил 8 сар 23 хоног мөрдөн шалгаж, 6 удаа прокурор түүнд яллах дүгнэлт бичиж, 3 удаа шүүх түүнд цаазаар авах ял оноосон байдаг. Харин дээд шатных нь шүүхийн магадлангаар түүний хэрэг хэрэгсэхгүй болсон. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан хүн амины хэрэгт Монгол Улсын 5 иргэн сэжиглэгдэж тус бүр 207-1252 хоног хоригдсон байдаг. Тэр тавын дөрөвт нь шүүхээс нэг удаа цаазаар авах ял оноосон. Харин эцсийн шатны шүүхийн шийдвэрээр тэдгээр нэр бүхий иргэд цаазаар авахуулах биш, үйлдсэн гэх хэрэг нь хэрэгсэхгүй болж цагаадсан. Нөхөшгүй алдаанаас зайлсхийх хамгийн оновчтой арга нь цаазаар авах ялыг бүх насаар нь хорих эсхүл тодорхой хугацаагаар хорих ялаар солих явдал юм. Өөрөөр хэлбэл гэмт этгээдийг баталгаатай шийтгэхийн тулд гэмгүй нэгнийг цагаатгах боломтой байлгахын тулд цаазаар авах ялыг халдаг. Хоригдож буй хүний гэм буруугүй нь нотлогдвол түүнийг суллаж болдог, гэтэл цаазлуулсан хүнийг дахин амьдруулах ямар ч арга байхгүй. Хууль дээдлэх зарчимд тулгуурласан хамгийн боловсронгуй хуулийн тогтолцоо ч гэсэн хууль зүйн алдаанаас ангид байж чаддаггүй. Хууль ёс алдаа дутагдалтай байсан цагт гэм буруугүй хүнийг цаазлах эрсдэл хэзээ ч арилахгүй.  

4. Цаазаар авах ял нь хүчирхийллийг зогсоох талаар ямарваа нэг шийдэл санал болгохын оронд харин ч түүнийг бэхжүүлж байгаа хэрэг мөн. Төрөөс хүний амийг хороож байгаа нь хүч хэрэглэх явдлыг өөгшүүлж, хүчирхийллийн тойргийг бий болгодог. Төр хүний амийг хороож байгаа нь хүний амь нас ямар ч үнэ цэнэгүй болохыг бусдад харуулж бас сургаж байна. Цаазаар авах ял бол төрийн зүгээс шийдвэрлэж чадахгүй байгаа нийгмийн асуудлаа төмөр нү%үр гарган, хүчирхийллийн аргаар түргэн шийдэх гэсэн оролдлого юм. Харин өнөөдөр хорих байгууллагуудын шинэчлэлийг хийх хэрэгтэй байна. Хорих байгууллагын зорилго бол хүнийг гэмшүүлэх, ойлгуулах, хүмүүжүүлэх, өөрчилж нийгэмд нь буцаан аваачих явдал юм. Өнөөдөр манайд нийгмийн хамгийн идэвхитэй хэсэг болох 18-60 хүртэлх насны эрэгтэйчүүдэд цаазаар авах ял дангаараа ногдож байна. Энэ насны эрэгтэйчүүдийг засан хүмүүжүүлэх талаар төрөөс маш бага анхаарч байгаа юм. “Мунхаг хүн нэгийг ална. Мунхаг төр дахиад нэгийн амийг хорооно” гэсэн үг байдаг.  

5. Төр “Хүн байхгүй бол асуудал байхгүй” хэмээн хандаж байгаа нь шударга бус байна. Гэмт этгээдийг цаазалсанаар төр асуудлыг хаадаг. Гэтэл хүнээ алдсан гэр бүлийн уй гашуу барагдахгүй. Тэдэнд “Та нарын хүсэлтийн дагуу амийг амиар сольсон” хэмээн хэлээд хэргийг дуусгадаг. Харин цаазаар авах ялыг халсанаар хохирогчийн нөхөн төлбөрийн асуудал, ялтныг гянданд тохирсон хөдөлмөр эрхлүүлэх замаар насан туршид нь төлбөрийг барагдуулах зэрэг бусад эдийн засгийн шийтгэлийн хувилбаруудыг хэрэгжүүлэх боломж нээгдэнэ.  

6. Цаазаар авах нь хүний амийг санаатайгаар, онц хэрцгийгээр бүрэлгэж байгаа хэрэг мөн. Цаазаар авах ялын гүйцэтгэл нууцаар явагддаг. Хэнийг хэзээ яаж хороосныг хэн ч мэддэггүй. Ар гэрийнхэн нь  ядаж цаазлагдах өдөр цагийг нь хэлээд өгөөч зул асаая гэж гуйдаг. Шарилыг нь аваад оршуулья гэдэг. Гэтэл ямар ч тийм боломж байдаггүй ба бүх зүйл хүний ёсноос гадуур явагддаг. Цаазаар авах ялын гүйцэтгэлийг тойрсон нууцлалын асуудал нь харгис хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг нь доромжлон харьцаж, шийтгэж байгаа явдал хэмээн хүний эрхийн олон судлаач шинжээч, бие бүрэлдэхүүн үзсэн байдаг. 

7. Цаазаар авах ялыг тогтолцоондоо байлгасаар байх юм бол энэ ялыг улс төрийн зорилгоор ашиглах боломж нь улс төрчдийн гарт орж ирдэг. Төрийн нэрийн өмнөөс гэсэн мөртлөө олны нүд, хараа хяналтаас нууц далд байлгаж хороодог энэ ялыг халах нь туйлын зөв шийдэл юм.  Иргэдээс цаазаар авах ялын талаархи мэдээллээ нуух ньо байж боломгүй дарангуйллын хэлбэр мөн. Улс төрчид ихэнхдээ энэ дарангуйллаа хадгалах гэсэндээ цаазаар авах ялыг халах эсэх асуудлаар бүх нийтийн асуулга явуулах хэрэгтэй, иргэдийн ихэнх нь дэмжиж байна гэсэн үндэслэлгүй шалтаг хэлдэг. 

8. Цаазаар авах ялыг халахын төлөөх дэлхий нийтийн хөдөлгөөнөөс Ардчилсан Монгол улс хоцрох ёсгүй. Өнөөдөр дэлхийн улс орнуудын гуравны хоёроос илүү буюу 139 гаруй улс цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халсан ба 58 улс хэрэглэж байгаа ч жил ирэх тусам энэ ялыг халж байгаа улс орнуудын тоо нэмэгдсээр байгаа ба 2009 онд 18 улс оронд л цаазаар авах ялыг гүйцэтгэжээ. Европ ба Төв Ази, Америк тив (АНУ бусад),  нь  бүхэлдээ шахуу цаазын ялаас татгалзаад байна. Африк Холбооны улсууд цаазаар авах ялыг халах асуудалд нааштай хандаж үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах замаар цаазаар авх ялыг халах боломжийг бий болгож байна. 2009 онд Бурунди Того улс цаазаар авах ялыг халжээ. АНУ-ын 15 муж улс цаазаар авах ялыг халсан ба хэрэглэж байгаа 35 муж улсын 10 нь сүүлийн 10 жилд нэг ч цаазаар авах ялыг гүйцэтгээгүй байна. Цаашид энэ ялыг бүрэн дүүрэн халах талаар олон муж улсад хэлэлцэж байна. 

9. Цаазаар авах ял нь хэрцгий, хүнлэг бус, гутаан доромжилсон ял шийтгэл мөн гэдгийг олон улс хүлээн зөвшөөрч, дэлхий даяар цаазын ялаас татгалзахыг уриалсан тогтоолыг НҮБ-аас 2007, 2008 онд гаргасан байна.   НҮБ-ын Тусгай Илтгэгч 2005 онд Монгол улсад айлчлахдаа цаазаар авах ялыг халахыг зөвлөмж болгосон. 

10. Цаазаар авах ялыг тухайн улс үндэстний бүх хүмүүсийн нэрийн өмнөөс гүйцэтгэдэг. Тиймээс хүн бүр цаазаар авах ял гэж юу болох, энэ ялыг хэрхэн яаж хэрэглэж байгааг, тэдэнд яаж нөлөөлж болохыг, хүний үндсэн эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаар бүгдийг нь мэдэх ёстой. 

11. Цаазаар авах ял нь хуулиас гадуур хүний амь хороохтой адил хүний амьдралын үнэ цэнийг үгүйсгэсэн хэрэг бөгөөд амьд явах эрхийг зөрчиж байгаа нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд заасан бүх эрх биелэх үндсийг үгүй хийж буй юм.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 632069 дахь зочин боллоо.