Улс төр, эдийн засаг, боловсрол зэрэг нийгмийн бүхий л салбар дахь олон зангилаа асуудлын дунд хүний эрх орхигдож байдаг. Үүнийг шийдэх гол арга зам нь хүний эрхийн боловсролын асуудал юм.
НҮБ-ын Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрт “Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хүнийг төвдөө тавьсан нийгмийн хөгжил, зүй ёсыг дэмжих, мэдлэг, чадвар, хандлагыг хөгжүүлэх, хуваалцах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, боловсролын үйл ажиллагааг хэлнэ” гэсэн байдаг. Эрхээ мэдсэнээр хүмүүс өөрийгөө нийгэмд хэрхэн аж төрж байгаа, ямар асуудлуудаас болж бэрхшээлтэй тулгарч байгаагаа мэдэж, шийдвэрлэх арга замаа олж чаддаг болдог.
Гэвч хүмүүс бэрхшээлтэй асуудалтай тулгарч, эрх нь зөрчигдсөнөө мэдэх хүртэл “Хүний эрх” гэсэн асуудлыг анзаардаггүй. Энэхүү хандлагыг өөрчлөх зорилгоор “Эмнести Интернэшнл” байгууллага хүний эрхийн боловсрол олгох ажлыг олон жил, үр дүнтэй хийснээр хүмүүс эрхийнхээ талаар зохих мэдээлэл, мэдлэгтэй болж байна. Үүний үргэлжлэл болгож Монголын Эмнести Интернэшнлийн хүний эрхийн боловсролын салбарт өөрийн байр сууриа үлдээсэн Англи эмэгтэй Белиндагийн нэрэмжит тэтгэлгийг зарлажээ.
Энэ тэтгэлэг нь Монгол Улсад хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах, Монголын Эмнести Интернэшнлийн гишүүн залуучуудыг идэвхжүүлэх, залуу чадварлаг боловсон хүчнийг дэмжих, Монгол Улсад хүний эрхийн боловсролыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээхийг дэмжих зорилготой юм байна. Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.amnesty.mn хаягаас авч болно.
Белинда гэж хэн бэ?
Белинда Англид төрж, өсч, хүний эрх, боловсрол, хүчирхийлэл, хөгжлийн асуудлыг судлан мэргэшсэн, Швед, Тажикстанд сургалт, илтгэл зохион байгуулж, Монгол оронд нүүдэлчин Монголчуудын газрын эрх, гудамжны хүүхдүүд зэрэг нийгмийн хурцадмал асуудлуудад төвлөрөн ажилласан, ихээхэн туршлага хуримтлуулсан мэргэжилтэн байлаа. Английн Эмнести Интернэшнлийн гишүүн байсан тэрээр 2002 онд Монголд ирээд Эмнести Интернэшнлийн салбар байдгийг сонсоод сурагласаар иржээ. Белинда эрүү шүүлтийн эсрэг сургалт явуулах сургагч багш хэрэгтэй байгаа хүсэлтийг хүлээн авснаар ажиллаж эхэлсэн гэдэг.
“Зуун өдрийн дараахийг харвал тариа тарь, зуун жилийн дараахийг харвал эрдмийг заа” гэсэн нэгэн зүйр үг байдаг. Белинда Монголчуудад Англи хэл заахын зэрэгцээ хүний эрхийн сургагч багш болохын тулд ном их уншиж, бусад хүний эрхийн зүтгэлтнүүдээс зөвлөгөө авч, Лондонд хэд хэдэн сургалтанд хамрагдаж өөрийгөө бэлдсэнээр сургагч багш болж, хүмүүст эрхийг нь таниулах аяны гараагаа эхэлжээ.
Тэрээр төрөлжсөн сургалтуудад зориулсан гарын авлагуудыг бүрдүүлэх, эмхтгэх чиглэлээр ажиллан, хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж бүхэл бүтэн хүний нөөцийн багийг Монголын Эмнести Интернэшнлд бүрдүүлж өгсөн ачтан. Үүнээс гадна тэрээр гишүүдийн анхан шатны сургалт болох “Эрүүдэн шүүх, цаазаар авах ял”-ын талаарх сургалтуудыг нарийн хөтөлбөртэй шинэ түвшинд гаргасан. Монголын хүний эрхийн боловсролын салбарт дөрвөн жил ажилласан Белинда нутаг буцсаныхаа дараа ч Монголын Эмнести интернэшнлийн залуус, сургагч багш нарт зориулсан гарын авлага, ном товхимлыг өөрийн мөнгөөр захиалан өгч байсан аж. Түүнийг 2008 онд нас барахад Монгол улсад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монголын Эмнести Интернэшнл байгууллагад гэрээслэн үлдээсэн хөрөнгөөр нь “Белинда сан”-г байгуулан, хүний эрхийн залуу сургагч нарт зориулсан “Белинда тэтгэлэг” зарлах болсон байна.






RSS
FaceBook
Twitter