Монголын Эмнести Интернэшнл байгууллагын Эмэгтэйчүүдийн бүлэг “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” кампанит ажлын хүрээнд 5 дугаар сарын 16-ны өдөр “Сарнайн өдөр” үйл ажиллагааг зохион явууллаа.
Энэ өдрийн үйл ажиллагаа нь “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” кампанит ажлыг сурталчлах, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хор уршгийг нийтэд ойлгуулах, дэлхий дээр эрх нь зөрчигдөж буй эмэгтэйчүүдийн төлөө гарын үсэг цуглуулах зорилготой байсан юм.
Улаан сарнай нь хүнийг, тэр тусмаа хүчирхийллийн бай болж хохирч байдаг эмэгтэйчүүдийг төлөөлсөн бөгөөд харин эрвээхэй нь хүний эрхийг дүрсэлсэн юм. Учир нь Эмнести Интернэшнлийн билэгдэл өнгө нь аюулгүй тайваныг илэрхийлсэн шар өнгө байдаг. Улаахан сарнайд суусан эрвээхэй нь эмэгтэйчүүд төдийгүй хүмүүс өөрсдөд нь эрх бий шүү гэдгийг сануулсан утгатай билээ.
Тус өдөрлөгийг МУИС-ын II байрны өмнө зохион байгуулсан бөгөөд уг үйл ажиллагаанд Эмэгтэйчүүд, залуучуудын бүлгийн идэвхтэн гишүүд оролцлоо. Өдөрлөгийн үеэр “ Хэн хүний эрхийн төлөө шилдэг уриа бичих вэ?” граффити бичлэгийн уралдаан зохиогдсон. Энэ уралдаанд ШУТИС-ийн Үйлдвэр Дизайны сургуулийн 3 дугаар курсийн оюутны “Юнайт 5” багийнхан амжилттай оролцсон юм.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж зовж буй эмэгтэйчүүдийн төлөө Армян, Венесуэл улсын эрх баригчдад хандсан захидалд 564 гарын үсэг цуглууллаа. Энэ үеэр 450 төгрөгийн сан арвижуулалт хийгдлээ.
Уг өдөрлөгийн үйл ажиллагааг Зууны мэдээ, Монголын мэдээ, МҮОНТ, SBN телевиз сурвалжлан нэвтрүүллээ.







RSS
FaceBook
Twitter