Цаазаар авах ялыг халах тухай протоколд нэгдэн орох хуулийн төсөл баталсан нь цаашид энэ ялыг бүрэн халах чухал алхмыг авч хэрэгжүүллээ хэмээн Эмнести Интернэшнл байгууллагаас мэдэгдлээ.
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт(ИУТЭОУП)-ын Нэмэлт 2-р Протоколд нэгдэн орох хуулийн төслийг Монгол Улсын Их хурлын гишүүдийн дийлэнх олонхийн саналаар баталжээ.
Эмнести Интернэшнлийн Ази Номхон далайн бүсийг хариуцсан захирал Сэм Зариф “Монгол улсын парламентаас гаргасан энэ шийдвэр нь бас нэгэн чухал алхам бөгөөд цаашид яаралтай хууль тогтоомждоо хэрэгжүүлэх нь зүйтэй. Монгол улс нь Цаазаар авах ялаас татгалзснаар Ази номхон далайн бүс нутагтаа бусад улс орнуудад дагаж мөрдөх хэм хэмжээг бий болгож байгаа юм” хэмээн өгүүлж байна.
Эмнести Интернэшнл байгууллагаас Монгол улсад цаазаар авах ялыг халах асуудлаар өргөн хүрээнд кампанит ажлыг явуулж ирсэн.
2010 оны 1-р сарын 14-нд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялын гүйцэтгэлд мораториум тогтоож байгаагаа мэдэгдсэнээр энэ ялыг халах анхны чухал алхмыг авч хэрэгжүүлсэн нь олон улсын талархлыг хүлээсэн үйл явдал болсон.
Өнөөдөр дэлхийн улс орнуудын 2/3-оос илүү хувь нь цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халаад байна. Ази Номхон далайн бүс нутгийн 41 орноос 17 нь цаазаар авах ялыг бүх хэргүүдэд, 9 нь практикт халсан ба зөвхөн Фижи улс цаазаар авах ялыг онцгой цэргийн гэмт хэрэгт хэрэглэдэг. Үлдсэн 14 улс орон энэ ялыг хэрэгжүүлж байгаа ба Хятад улс нь жилд цаазалж байгаа хүмүүсийнхээ тоогоор дэлхийд тэргүүлсээр байна.
Эмнести Интернэшнл нь цаазаар авах ял нь туйлын хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг доромжилсон ял шийтгэл ба Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд заасан амьд явах эрхийг зөрчиж байна хэмээн үздэг юм.