ҮНДСЭН ХУУЛЬ БА ЦААЗААР АВАХ ЯЛ

Монголын Эмнести Интернэшнлээс хуульчид, эрдэмтэн судлаачид, хууль зүйн болон олон улс судлалын их дээд сургуулийн доктор, профессор, багш нарын хүрээнд “Үндсэн хууль ба цаазаар авах ял” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Цаазаар авах ял нь хүний амьд явах эрх болон хүний эрхэм чанартай байх эрхийг ноцтойгоор зөрчиж, хүнд угаас заяасан үндсэн эрхийг төрийн зүгээс үгүйсгэж буйг харгалзан НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт /ИУТЭОУП/ зэрэг хүний эрхийн суурь баримт бичгээр хүний амьд явах эрхийг баталгаажуулсан байдаг.

Уг пактад нэгдэн орсон гишүүн улс болохын хувьд ИУТЭОУП-ын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколыг Улсын Их Хурлаас 2012 онд соёрхон баталсан нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний амьд явах эрхийг бодитоор хамгаалах, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах зорилтыг хангахад чухал алхам болсон. 

Гэвч 2017 оны 10-р сараас эхлэн Монгол улсад цаазаар авах ялыг сэргээх эсэх асуудлыг тойрсон маргаан, мэтгэлцээн гарах болсон. Төр эрх мэдлээ ашиглан хүнийг цаазаар авч амьд явах эрхийг зөрчсөнөөр хүний бусад бүх эрхийн халдашгүй байдал алдагддаг. Мөн цаазаар авах ял нь хорих ялаас илүү гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэх үндэслэл, нотолгоо өнөөг хүртэл олдоогүй байна. Ийм атал цаазаар авах ялыг сэргээхээр оролдох нь Монгол улс олон улсын өмнө хүлээсэн амлалтаа зөрчин, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хамгаалах үүргээ умартсан хэрэг болох юм.

 

Монголын Эмнести Интернэшнлээс Монгол улсын Үндсэн хуулинд заасан амьд явах эрхийг тойрсон асуудлаар эрдэмтэн, судлаачдын дунд явуулсан уг хэлэлцүүлэгт МУИС-ын Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн доктор О.Мөнхсайхан “Цаазаар авах ялыг сэргээвэл олон улсын хууль төдийгүй Үндсэн хууль зөрчинө”, Судлаач, хяналтын прокурор Г.Оюунболд “Онц ноцтой гэмт хэргийн гаралт түүнд нөлөөлөх хүчин зүйл”, Хүний Эрхийн Үндэсний Комиссын Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ “Олон улсын гэрээний асуудал“ сэдвээр илтгэл тавьж, Монголын Эмнести Интернэшнлээс цаазаар авах ялын эсрэг байр сууриа танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Судлаачдын зүгээс 1992 оны Үндсэн хууль нь зарчмын хувьд төдийгүй текстийн хувьд цаазаар авах ялыг заавал хуульчлахыг шаардаагүй бөгөөд, Монгол Улс ИУТЭОУП-ын цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт II  Протоколоос буцаж гарах боломжгүй болохыг Гэрээний эрх зүйн тухай Венийн Конвенцийн холбогдох заалт болон НҮБ-ын Хүний эрхийн хорооны 26 дугаар Ерөнхий зөвлөмжөөр зохицуулсан болохыг тайлбарлав. Мөн онц хүнд гэмт хэргийн гаралт, түүнд нөлөөлөх хүчин зүйл цаазын ялтай ямар ч холбоогүй бөгөөд хувь хүн, нийгмийн харилцааны шинжтэй хүчин зүйл, стрессээс хамаарч  байгаа ба цаашид онц ноцтой гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд цаазын ялаар бус боловсролын тогтолцоо, хүмүүжлийн арга хэлбэрээр урьдчилан сэргийлэх ажил явуулах нь зүйд нийцнэ хэмээн онцоллоо.

Эмнести Интернэшнл цаазаар авах ялыг бүх тохиолдолд буюу гэмт хэргийн мөн чанар, нөхцөл байдал, хувь хүний гэм буруутай эсэх, цаазаар авах ялыг гүйцэтгэдэг арга хэрэгслээс үл хамааран эсэргүүцдэг. Цаазаар авах ял нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд заасан хүний амьд явах эрхийг зөрчдөг бөгөөд туйлын хэрцгий, нэр төрийг доромжилсон хүнлэг бус ял шийтгэл юм.

 

v  Дэлгэрэнгүй мэдээллийг

Монголын Эмнести Интернэшнлийн 70004705, 70004708, утсаар холбогдож авах буюу mongolia.amnesty@gmail.com хаягаар холбогдож авна уу.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 902657 дахь зочин боллоо.