ХҮНИЙ ЭРХ БА ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛ ХУВИЙН ХЭВШЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

Илтгэгч: Колм О.Куначайн
Эмнести Интернэшнл олон улсын байгууллагын
Хөгжлийн газрын захирал


Олон нийт болон хувь хүний эрхэд компаниуд нь ихээхэн нөлөөтэй байдаг. Энэ нөлөө нь эерэг тухайлбал, шинэ ажлын байр бий болгох, суурь үйлчилгээнүүдийг санхүүжүүлдэг улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх гэх мэт. Гэвч ихэнхдээ компани, аж ахуйн нэгжүүд нь дотоодын хууль эрхзүйн зохицуулалтын учир дутагдалтай байдал, олон улсын хариуцлагын механизм сул байгааг ашиглахын хирээр хүний эрх зөрчигдөж, улмаар хөгжиж буй орнуудад маш муу нөлөө үзүүлж байна.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт, худалдаа, оюуны өмчийн эрхийн зэрэг тал бүрийн олон улсын гэрээ хэлэлцээрээр дамжуулан дэлхийн эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах үндэсний болон олон улсын хууль тогтоомжийн хэм хэмжээ өргөжин тэлж, ард нь хатуу албадлагаар дэмжиж байгааг бид харж байна. Гэвч эдийн засгийн сонирхол хуулийг өөрсдөдөө үйлчлүүлэхээр хийх боломжтой байгаагийн уршгаар тэдний үйл ажиллагаанаас хохирсон хүмүүст хуулийн хамгаалалт үйлчилэхгүй, компаниудын сүр хүчинд дарагдсан байдалтай байна. Эдийн засагт оролцох төрийн зохицуулалтыг халах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгцээ, худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалж компаний үйл ажиллагааны улмаас хохирсон хүмүүс, ялангуяа хөгжиж буй орнуудын хүмүүсийг энэ тал дээр хамгаалах хууль тогтоомж хэрэгжихгүй байна.

Эмнести Интернэшнл олон улсын байгууллага нь 10 гаруй жил бизнес ба хүний эрхийн чиглэлээр судалгаа, нөлөөллийн үйл ажиллагаа, аяныг өргөн хүрээнд явуулдаг бөгөөд тодорхой хэргүүдийг судлан шинжилж байна. Компаний зүгээс авч хэрэгжүүлж буй сайн дурын зарим хандлагыг сайшааж байгаа ч тэдгээр компаниудыг зохицуулах үр нөлөөтэй хүчтэй хууль тогтоомжийг баталж, хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг бидний туршлага, судалгааны ажил тод харуулж байна. Эрх эдлэгчдийг чадавхижуулах, компаниудад хариуцлагаас зайлсхийх боломж олгодог хуулийн цоорхойг үгүй болгох сайн хууль хэрэгтэй байна.

Компаниуд хүний эрхийг хэрхэн зөрчдөг вэ?

Жижиг бизнес эрхлэгчдээс авахуулаад үндэстэн дамнасан том компаниудын борлуулалт нь зарим хөгжиж буй орнуудын ДНБ-ээс ч хэд дахин их байдаг. Хүний эрхэд үзүүлэх бизнесийн нөлөө нь янз бүр байгаа төдийгүй, үзүүлэх хор уршиг нь тэдний том, жижиг хэмжээнээс нь хамаарахгүй байна. Үр дүнтэй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй л бол ихэнх тохиолдолд зарим бизнесийн үйл ажиллагаа сөрөг нөлөө үзүүлэх мөн чанартай байдаг.

Хүний эрхийн зөрчил нь ялангуяа газрын тос, түлш болон уул уурхай зэрэг олборлох үйлдвэрт их гардаг. Эдгээр олборлолтын үйл ажиллагаа нь угаас нүсэр том учир үүнд гайхах зүйл үгүй. Хөгжиж буй орнуудын Засгийн газарт бизнесийнхэн ихээхэн нөлөөлж, хамгийн их ноцтой асуудал гаргадаг ч хүний эрхийг зөрчиж буй компаниудын асуудал зөвхөн хөгжиж буй оронд гагцхүү тулгардаг гэсэн үг биш юм. Эмнести Интернэшнл нь Канад, АНУ болон Австралид гарсан зөрчлийг ч бас баримтжуулсан.

Олборлох үйлдвэрлэлийн үзүүлэх нөлөө эрдэс баялагийн асуудлыг ядуурлын асуудал дагаж явдагтай холбоотой байдаг. Дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын ихэнх нь байгалийн баялагаараа хамгийн баян нь байна. Дэлхийн Банкны ангилснаар, ашигт малтмалаараа хамгийн баян дэлхийн 12 улс болон газрын тосоороо хамгийн баян 6 улс нь “хамгийн их өртэй ядуу орнуудын тоонд” орсон байна.

Нигер улсын Нигер Делта гэх бүс нутагт Эмнести Интернэшнл олон жил ажиллаж байгаа бөгөөд энэ бүс нутгийн ард иргэд Нигерийн тосны орлогын багахан хэсгийг хүртдэг дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг билээ. Өргөн уудам нутагтай энэнутагт усны хангамж муу, ерөнхий боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ямар ч хүртээмжгүй байна. Газрын тос асгах, түлш дэлбэлэх хууль бусаар газрын тос агуулах зэрэг нь байгаль орчинд асар их хохирол учруулж байгаа бөгөөд энэ нь хоол хүнс, цэвэр усаар хангагдах эрх болон эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг зөрчиж байна. Газрын тосны компаниуд нь эрх зүйн зохицуулалтын орчинд ихээр нөлөөлж, ч хүний эрх, байгаль орчинд үзүүлж буй хор хохирлынхоо төлөө хариуцлага хүлээх нь маш ховор байна. Тухайлбал компаниуд газрын тос хамгаалахаар аюулгүй байдлыг сахиулах явцдаа шүүхийн тогтоолгүйгээр цаазлах, эрүүдэн шүүх, хүчин хийх зэргээр хүний эрхийн ноцтой зөрчлийг үйлдэж байна.

2000 оны эхээр, Эквадорийн Амазон дахь Сараяаку омгийн уугуул иргэдийн өвөг дээдсийн газар нутгийг газрын тосны ажилчид, цэргүүд болон хамгаалалтын албаныхан бүсэлсэн байв. Эквадорын төр засаг Сараяаку омгийн уугуул иргэдтэй зөвшилцөлгүйгээр уг компанид газрын тос хайх зөвшөөрөл шууд олгосон байв. Тус нутгийн уугуул иргэд хариу арга хэмжээ авч үндэсний болон бүс нутгийн түвшинд гомдол гаргаснаар, эцэстээ компани тухайн төслөө орхихоос өөр аргагүйд хүрсэн билээ. Гэвч ийм явдал дахин гарахгүй гэх баталгааг тэдэнд өгөөгүй бөгөөд эрх баригчид тус компаний Сараяакугийн газар нутаг дээр булж орхисон өндөр агуулгатай 1,4 тонн тэсрэх бодис зэрэг уугуул иргэдийн газар нутаг болон амьжиргааны түвшинд учруулсан хохирлыг барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Дотооддоо бүхий л шаардлагатай арга хэмжээг авсны дараа, Сараяакучууд Америк тивийн Хүний эрхийн Шүүхэд хандахаар болжээ. 2012 оны 7 дугаар сард, шүүгчид Сараяакучуудын талд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд төр засаг нь тус компанийг нутгийн уугуул иргэдийн газар нутаг дээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн, иргэдийн мэдээллээр хангагдах, зөвшилцөх эрхийг нь зөрчсөн төдийгүй нутгийн уугуул иргэдийн соёлын болон оршин тогтнох нөхцлийг нь эрсдэлд оруулсан гэж шүүгчид үзсэн байна.

Олборлолтын салбарт маш олон компани өрсөлдөхийн хирээр хөрөнгө оруулалт хийгдэж ядуурлыг бууруулах болон тогтвортой хөгжилд томоохон хувь нэмэр оруулах боломжтой юм. Гэвч арван хэдэн жил байгалийн нөөц баялагийг олборлож, үүнээс асар их хэмжээний орлого олдог ч энэ нь гол төлөв тэмцэл хөдөлгөөн, хүний эрхийн зөрчлийг бий болгож, ядуурал нэмэгдэж, тогтвортой бус хөгжлийг бий болгодог гэдэгтээ хэн ч маргахгүй байх. Энэ нь ял завших явдал байгааг харуулж байгаа ба өөрөөр хэлбэл төрийн эрх баригчид болон компаниуд хүний эрхийг шууд зөрчдөг, аль эсвэл компаниуд төр засагтай холбоо сүлбээтэй байдаг гэсэн үг юм.

Яагаад эдгээр асуудал гарч ирдэг вэ?

Эмнести Интернэшнлийн судалгаагаар дараах гурван ноцтой асуудлыг гаргаж ирсэн. Үүнд:
Нэгдүгээрт, Төр нь хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлж чаддаггй –Энэнь Төрд нөлөөлдөг бизнесийн мөн чанартай холбоотой.
Хоёрдугаарт, эрх эдлэгчид хэрэгцээт, чухал мэдээллээр хангагдаж чаддаггүй
Гуравдугаарт, хувийн хэвшлийн үйл ажиллагааг зохицуулж буй хууль нь бодит байдал дээр бизнесийн даяарчлалын хурдыг гүйцэж чаддаггүй.

Төр хүний эрхийг хамгаалах явдлыг хангаж чадахгүй байгаа нь

Төр нь компаниуд зэрэг төрийн бус оролцогч талуудын зүгээс гаргах зөрчлөөс хүний эрхийг хамгаалах үүрэгтэй. Гэвч маш олон улс орон энэхүү үүргээ биелүүлж чадахгүй байна. Төр нь энэхүү үүргээ биелүүлж чадахгүй байгаад нөлөөлж буй томоохон хүчин зүйл нь
Төр – хувийн хэвшил хоорондын харилцаа юм. Компани, ялангуяа үндэстэн дамнасан томоохон компаниуд нь ихэнхдээ тухайн улсын Төр засагт томоохон нөлөөтэй байдаг байна. Төр – хувийн хэвшлийн хоорондын харилцааг харуулж буй нэг томоохон жишээ нь компаниуд өөрсдийн явуулж буй үйл ажиллагааныхаа хүрээн дэх хууль эрхзүйн орчин болон зохицуулалтанд оролцож, нөлөөлж байгаа явдал юм. Хууль тогтоомж болон эрхзүйн зохицуулалт нь бие даасан, хараат бус, компаний эрх мэдлийг хянан шалгаж, хүний эрх, байгаль орчинг хамгаалах ёстой ч бодит байдал дээр томоохон компаний нөлөөнд автсан байдаг байна.

Эмнести Интернэшнлийн шалгаж байсан хэд хэдэн хэргээс үзэхэд компаниуд нь өөрсдийн үйл ажиллагаанд нь хяналт тавих хууль эрхзүй, зохицуулалтыг тодорхойлоход ихээхэн оролцсон байна. Үүний хамгийн тод жишээ нь Папуа Шинэ Гвиней дэх Ок Теди уул уурхайн дуулиант хэрэг юм. БиЭйчПи уул уурхайн компани нь уул уурхайн үйл ажиллагаанд хяналт тавих хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхэд ихээнхэн нөлөөлсөн байсан ба, хүний эрхийг ноцтойгоор зөрчихөд бусад хүчин зүйлс нөлөөлсөн ч, хуулийн орчин хамгийн их нөлөөтэй байсан юм. Ок Теди зэсийн уурхай нь хэдэн тонн уурхайн хаягдлыг гол мөрөн рүү хаяж, байгаль орчин болон гол мөрөн орчмоор амьдарч буй ард иргэдийн амьжиргаанд асар их хохирол учруулсан байна. 2002 онд БиЭйчПи Биллитон уул уурхайн компаний эзэн Ок Теди дэх өөрийн компанийхаа хувийг өөр компанид шилжүүлснээр гэрээний дагуу өмнө учруулсан хохиролоо барагдуулах хуулийн хариуцлагаас чөлөөлөгдсөн юм.

Компаниуд хууль эрхзүй болон зохицуулалтын хүрээнд ихээхэн хэмжээгээр шууд нөлөө үзүүлэхийн хажуугаар Олон Улсын Санхүүгийн Байгууллага /ОУСБ/-аас гадаадын хөрөнгө оруулалт гэдгээр бизнесийн төлөө эрх зүйн орчинг өөрчлөх асуудлыг дэмжиж байна. Дэлхийн Банк болон Олон Улсын Валютын Сан гэх байгууллагуудаас бодлогын хүрээг бий болгон, хөгжиж буй орнууд дахь компанийг тохиролцоонд хүрэхэд нь давуу байдал олгох эрх мэдлийг санхүүжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд зарим тохиолдолд компаниудын нийгэм болон байгаль орчинд үзүүлсэн нөлөөнд хариуцлага тооцох явдлыг нь хязгаарласан байна. ОУСБ-ууд нь ийм төрлийн бодлогоороо тухайн орны засгийн газарт шахалт үзүүлэх хүчин чадалтай бөгөөд энэ үйл явц нь ялангуяа ОУСБ-ууд болон бие даасан донор засгийн газруудад аль алинд нь их хэмжээний өртэй улс орнуудад нөлөөлж байгаа нь илт байна.

ОУСБ-ууд нь компани болон эдийн засгийн хүчийг чангатгаж байхад, ОУСБ-уудаас хүний эрх болон байгаль орчныг хамгаалахыг шаардах ямар ч олон улсын байгууллага байхгүй байна.

Төр – компани хоорондын харилцааны өөр нэг хэмжигдэхүүн болон хүний эрхэд эрсдлийг бий болгож буй энэхүү харилцаа бол хүний эрхийг хамгаалах асуудлыг орхигдуулах Төр болон компаниудын хоорондын хамсах явдлын түвшин юм. Засгийн газар нь бизнесийг зохицуулах үүрэгтэй ч ихэвчлэн бизнесийнхэнтэй түншлэлийн хувиар ажилладаг ба улс төрийн дэмжлэг авахын тулд бизнесийн салбараас ихээхэн хараат байдаг. Олборлох салбарын хувьд Төр нь үйлдвэрлэл дэх шууд хамтрагч нь болж болох юм. Төр – компаний хамсах явдлын жишээ маш олон байна. Тухайлбал, хахууль авсан зохицуулагчдын хуйвалдаан, компаниуд өөрсдийн уул уурхайг харуулдан хамгаалж буй зэвсэглэсэн хүчний гаргаж буй хүчирхийлэл, зөрчлийг хараагүй, үзээгүй юм шиг өнгөрөөдөг.

Компани болон Төр аль аль нь хүний эрхийн зөрчлөөс ашиг хүртэж эсвэл энэ талаар хуйвалдсан л бол, шалгалт, мөрдлөг, хариуцлагын асуудал аль алинийх нь сонирхолд байхгүй байна.

1. Мэдээллийг хэн хянаж байна вэ?

Зохицуулалтын асуудал нь өөр нэг асуудалтай нягт холбоотой болох нь Эмнести Интернэшнлийн судалгаагаар дэс дараатай гарч ирсэн юм. Энэ нь мэдээллийг хянах асуудал байв. Хүчний тэнцвэргүй байдал нь мэдээлэлтэй байгаа этгээдтэй шууд холбоотой болохыг Эмнести Интернэшнлийн шалгасан хэргүүдээс харагдсан. Хүний эрхийг хамгаалан сахих явдалд мэдээлэл маш чухал үүрэгтэй ч энэхүү мэдээллийг компаниуд барьж байгаа нь бидний шалгасан хэрэг бүрт тодорхой харагдаж байлаа. Шалгасан бүх хэргээс харахад эрх нь зөрчигдсөн хувь хүн болон ард иргэд өөрсдийн эрхийг хамгаалахад шаардлагатай мэдээлэл авахад ихээхэн бэрхшээлтэй тулгарч байсан байна.

Иргэдийг мэдээллээр хангахгүй байх нь зөвхөн компаний хүний эрхийг хүндэтгэх (хэрэв хүмүүс юу болж байгааг мэдэхгүй бол компаний үйл ажиллагаа тэдэнд чухам яаж нөлөөлөхийг хэлж чадахгүй) чадварыг бууруулаад зогсохгүй, иргэдийн эрхээ хамгаалах чадварыг ч мөн бууруулна. Энэ нь иргэд, компаниудын хооронд эргэлзээ, үл итгэлцлийг бий болгодог бөгөөд энэ байдлыг буцааж хэвийн байдалд оруулахад маш төвөгтэй байдаг.


Бизнесийн үйл ажиллагааны мөн чанар

Бизнес, хүний эрх болон хувийн хэвшлийн хариуцлагын салбар дахь магадгүй хамгийн бэрхшээлтэй асуудлуудын нэг бол бизнесийн үйл ажиллагааны өөрийнх мөн чанар юм. Компаний бүтэц, зохион байгуулалт болон компаний даяарчлагдсан үйл ажиллагаа хоёр нь Төрийн хууль тогтоомжоос хувийн хэвшлийнхэн зайлсхийх боломжийг бүрдүүлж, ингэснээр хүний эрхийг хамгаалах явдал орхигддог. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нь хил дамнаж үйл ажиллагаагаа хялбархан явуулдаг, харин тухайн улсын хил нь хүний эрхийн зөрчилд хүлээх компаний хариуцлага болон хохирол барагдуулах үүрэгт зохион байгуулалтын, улс төрийн, практикийн болон эрх зүйн саад хязгаарлалт тавьдаг.

Үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагааг зохицуулдаг хууль тогтоомж нь даяарчлалын бодит хурдыг гүйцэхгүй байна. Өмнө дурдсанчлан, энэ нь эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалж буй хууль тогтоомжтой маш их зөрчилдөж байна. Учир нь худалдаа, хөрөнгө оруулалт болон арбитрын системийн салбар дахь олон улсын гэрээ хэлэлцээр нь дан ганц Төрийн хууль тогтоомжоос ч илүүтэйгээр эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах хуулийн механизмыг бүрдүүлсэн байна.

2008 онд НҮБ-ын бизнес ба хүний эрхийн асуудал хариуцсан шинжээч профессор Ругги даяарчлалаас үүдэн гарсан хариуцлагагүй байдлын цоорхойд буй бизнес ба хүний эрхийн төвөгтэй байдлын гол үндсэн шалтгааныг тодорхойлсон. Хүний эрхийн талаарх хариуцлагагүй байдлын цоорхойг хэрхэн багасгах вэ гэдэг нь хамгийн бэрхшээлтэй асуудал бөгөөд бэрхшээлтэй асуудал хэвээр байсаар байна.

Компаниуд хууль эрхзүй болон зохицуулалтын тогтолцоонд нөлөө үзүүлдэгийн хажуугаар, эдгээр асуудал нь компани болон бизнесийн даяарчлагдсан үйл ажиллагааны хариуцлагагүй байдлын гол төвд нь байна.

Шударга өрсөлдөх – Хууль тогтоомж

Мэдээж хуулиар хүний эрхийн бүх асуудлыг шийдэрлэнэ гэж үгүй. Гэхдээ хууль нь тогтвортой, үнэн зөв шийдвэрийг гаргах үндэс суурийг тавьж өгдөг. Энэ нь аливаа хэрэг бүр хүчтэй болон хүчгүй нэгний хоорондын харилцан тохиролцол биш гэдгийг хангахыг зорьдог.

Компаниуд хүчтэй гэдгийг нийгэм мэдэрч эхэлсэн цагаас хойш, энэхүү хүчийг хязгаарлах гэж нийгэм хуулийг бий болгодог байна. Учир нь компаниуд өөрсдийн хүчирхэг байдлыг төдийлөн хязгаарладаггүй. 1911 онд АНУ-ын Дээд Шүүх үндэстэн дамнасан том компани болох Стандарт Ойлыг задрахыг шаардсан байна. Шүүгчийн хэлснээр, энэ компани нь “амьдралын хэрэгцээний бүхий л бүтээгдэхүүн, худалдаан авалт зэрэг тус улсын бизнесийн бүх л салбарыг” ноёлох эрсдэлд оруулсан байна гэжээ.

Эмнести Интернэшнл нь бизнесийн үйл ажиллагаанаас хүний эрхэд үзүүлж буй нөлөөнд анхаарлаа хандуулах хуулийн гурван гол санаачилга дээр ажиллаж байна. Үүнд:
Иргэд юу болох гэж байгааг мэдэж байхын тулд мэдээллээр заавал хангах, хүний эрхэд хүндэтгэлтэй хандахыг компаниудаас шаардаж, хуульчлах.

Ард иргэдэд мэдээлэл хүртээмжтэй байхыг хуульчлах. Мэдээлэл нь хүчтэй зэвсэг бөгөөд ард иргэд юу болж байгааг мэдэж байгаа цагт тэд компаниуд болон засгийн газраас мэдэх шаардлагатай зүйлээ асууж тодруулж, шаардах боломжтой болно.

Том, баян компаниуд хуулийн зохицуулалт сул байгааг ашиглах боломжийг олгодог хуулийн цоорхойг хаах, компаний үйл ажиллагаанаас үүдэлтэй эрх нь зөрчигдсөн хохирогчдод нөхөн олговрыг үр дүнтэй, хүртээмжтэй байдлаар олгох асуудлыг хуульчлах явдал юм.

Хууль нь ядаж шийдлийн нэг хэсэг болохыг зарим компаниуд ойлгож эхэлж байна. Энэ нь шинээр гарч ирж буй эдийн засгийн салбарт шинэ тоглогч нар гарч ирсэнтэй зарим талаараа холбоотой юм. Ойлгомжтой, тодорхой хэм хэмжээ, хууль эрхзүйн орчин нь урьдчилан төлөвлөж болохуйц компаний үйл ажиллагааны орчин болон компаниудыг шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлнэ. НҮБ-ын 6 жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд компаний үйл ажиллагаанаас хүний эрхэд үзүүлэх нөлөөтэй холбогдуулан олон улсын хэм хэмжээ шинээр гарч ирж байна. Тогтсон хэм хэмжээг үүнд тусгахад ямар нэгэн асуудалгүй ч компаниудыг энэхүү хэм хэмжээг дагаж мөрдүүлдэг болгох нь хамгийн бэрхшээлтэй асуудал юм. Хууль тогтоомжгүйгээр зөвхөн цөөн тооны компани л хүний эрхийн холбогдолтой үндсэн хэм хэмжээг дагаж мөрдөх байх. Монгол Улсын Засгийн газар дотоодын хууль тогтоомжид дараах шаардлагуудыг тусгах явдлыг хангах ёстой. Үүнд:

1. Компани хүний эрхийг заавал хүндэтгэн сахих явдлыг хуулиар шаардах
Үйл ажиллагаагаа хаана ч явуулдаг бай, төрийн хүний эрхийн үүрэг хариуцлагаас тусдаа, аль эсвэл хүний эрхийн үүрэг хариуцлагаа биелүүлэх чадвар болон хүсэл эрмэлзлэлээс үл шалтгаалан компаниуд үйл ажиллагаандаа хүний эрхийг хүндэтгэх нь хамгийн наад захын хэм хэмжээ юм. Хуулийн дагуу бизнесийн байгууллагууд нь үйл ажиллагаандаа аль эсвэл тэдэнтэй хамтарч ажилладаг байгууллагын үйл ажиллагаанаас үүдэн гарах хүний эрхэд сөргөөр нөлөөлж болохуйц хүчин зүйлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах хүний ёстой. Хүний эрхийг заавал хүндэтгэх хичээл зүтгэл нь хувь хүн болон олон нийтийн хүний эрхэд компаний үйл ажиллагаанаас үүдэн гарах эрсдлийг тодорхойлоход голлон анхаарч ажиллах, гол зорилт нь хүний эрхий зөрчлөөс урьдчилан сэргийлэх явдал юм. Энэ нь мөн компаниудыг өөрсдийн бодит болон цаашдын үйл ажиллагаа болон харилцаанаас гарч болзошгүй хүний эрхийн нөлөөллийг тогтмол үнэлэхийг шаардана. Харилцаа гэдэгт хүний эрхийн нөлөөллийн талаарх мэдээллийг ил тод болгох, хохирсон ард иргэдтэй үр дүнтэй харилцах, оролцуулах явдлыг хэлнэ.

Бизнесийн байгууллагын хийх аливаа үнэлгээ болон сөрөг нөлөөнд авах арга хэмжээ нь нутгийн уугуул иргэд, цөөнх, хүүхдүүд гэх тусгай бүлэг хүмүүст бизнесийн үйл ажиллагаа болон төсөл хөтөлбөр нь сөрөг нөлөө үзүүлж буй эсэхэд мөн онцгой анхаарч, үнэлгээ, авах арга хэмжээгээ холбогдох олон улсын хэм хэмжээтэй нийцүүлэх ёстой. Мөн тэд жендэр, эрэгтэй, эмэгтэй хүмүүст үзүүлж буй ялгаатай нөлөөг анхаарч, үл ялгаварлан гадуурхах ба тэгш байдлыг хангах тухай олон улсын хэм хэмжээтэй нийцүүлэн хангаж байх ёстой.

Эмнести Интернэшнл 1984 онд Энэтхэг улсын Бопальд гарсан хийн алдагдлын гамшгийн улмаас ялангуяа эмэгтэйчүүд ихээхэн хохирсон нэгэн компаний томоохон хэрэг дээр ажилласан юм. Гамшгийн улмаас хүйсийн ялгаа алдагдах, Бопаль орчим амьдарч буй эмэгтэйчүүдийн дунд бэлэг эрхтний гажуудал, зулбалт болон амьгүй ураг төрөх явдал ихэссэн байна. Нийгэм, эдийн засгийн үр уршгаас хийн алдагдалд өртсөн хүмүүс нийгэмдээ ичгүүртэй байдалтай амьдарч байна. Амьд үлдсэн хүмүүстэй хамт ажиллаж буй байгууллагынхны хэлснээр хийн алдагдалд өртсөн ихэнх залуу эмэгтэйчүүд гэрлэхэд ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна. Хийн алдагдалд өртсөн гэр бүлтэй эмэгтэйчүүдийн хувьд ажиллах чадваргүй болсон, хүүхэд тээхэд хүндрэлтэй болох аль эсвэл өвчтэйн улмаас санхүүгийн зардал ихсэх зэрэг асуудлуудтай тулгарч байна. Гамшгийн улмаас нөхрөө алдаж бэлэвсэрч үлдсэн эмэгтэйчүүдийн амьдрал маш тогтворгүй, эрсдэлтэй нөхцөл байдалд орсон байна. Учир нь тэдний ус, цахилгаан, нийгмийн халамжийн дэмжлэг болон үр хүүхдээ тэжээхийн тулд ажиллах ажлын байрны талаар тусламж эрэхэд Энэтхэгийн засгийн газар төдийлөн анхаарахгүй байгаа аж.

Бизнесийн үйл ажиллагаанаас үүдэлтэй ус, агаар, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх хуулийг Засгийн газар өөрөө баталж, хүчин төгөлдөр болгосноор компаниудаас шаардаж буй хүний эрхэд зайлшгүй зориулах ёстой хичээл зүтгэл нь илүү батжих болно. Засгийн газар нь мөн албадан нүүлгэх явдлыг үндэсний хууль тогтоомжоор хориглож, тухайн хуулинд олон улсын хуулийн дагуу нүүлгэн шилжүүлэхийн өмнөх аюулгүй ажиллагааны дүрмийг тусгах ёстой. [Олон улсын хуулийн дагуу нүүлгэн шилжүүлэлтээс өөр боломжит хувилбарыг тодорхойлохын тулд нүүлгэн шилжүүлэлтэнд өртөж буй ард иргэдтэй зөвшилцөх, нүүлгэн шилжүүлэх тухайг урьдчилж зүй зохистойгоор иргэдэд мэдэгдэх, тэднийг мэдээллээр хангах, шаардлагатай тохиолдолд тэдэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх, нөхөн олговор олгох, өөрсдийгөө гэр орноор хангаж чадахгүй иргэдийг зохистой орон байраар хангах зэрэг зайлшгүй авах шаардлагатай үйл явцыг шаардана.]

2. Иргэдийн мэдээлэл авах, шийдвэр гаргах түвшинд оролцох эрх ба Нутгийн уугуул иргэдийн чөлөөтэй, урьдчилан мэдээлэл авсны үндсэн дээр зөвшилцөх эрхийг хүндэтгэх нь

Мэдээллийн хүртээмжтэй байдлыг иргэдэд бий болгосноор иргэд эрхээ шаардаж, эрхээ хамгаалах боломжийг нь бүрдүүлдэг. Мэдээллийн ачаар шударга өрсөлдөөн бий болдог. 2009 оны 4 дүгээр сард Энэтхэгийн эрх баригчид Нияамгирийн Хиллд хөнгөн цагааны хүдэр олборлох зөвшөөрөл нэгэн хамтарсан үйлдвэрт өгсөн байв. Нияамририйн Хилл орчим хэдэн зуун жилээр амьдарсан Донгриа Конд, Адиваси нутгийн уугуул иргэдийн уламжлалт, тахилгатай ууланд тухайн олборлолтыг явуулах аж. Уул уурхайн олборлолт явуулах төсөлтэй холбогдуулан Энэтхэгийн засгийн газар тус газрын ойролцоо орших хөнгөн цагаан боловсруулах үйлдвэрийг 6 дахин томсгох тухай авч хэлэлцсэн байна. Их Британид төвтэй Веданта Ресоурсис болон төрийн өмчийн Орисса Уул уурхайн Корпорациуд нь тус төсөлд оролцож байсан юм. Уул уурхайн олборлолт болон хөнгөн цагааны үйлдвэрийн төслийн талаар засгийн газар ч компани ч нутгийн иргэдийг зохистой мэдээллээр хангаагүй, тухайн нутгийн иргэдийн эрхэд төслийн зүгээс үзүүлэх зохих нөлөөллийн үнэлгээ хийгээгүй дээр иргэдтэй энэ талаар огт зөвшилцөөгүй байна. Олон улсын хуулийн дагуу засгийн газар нь нутгийн уугуул иргэдийн газар нутагт нөлөөлөх аливаа төслийг хэрэгжүүлэх зөвшөөрөл олгохоос өмнө иргэдтэй чөлөөтэй, урьдчилан мэдээлэл олгосны үндсэн дээр зөвшилцсөн эсэхийг нь шаардах хэрэгтэй . Гэвч Энэтхэгийн засгийн газар ч, компани ч төслөө хэрэгжүүлэхийн тулд Донгриа Кондийн иргэдэд чөлөөтэй, урьдчилан мэдээлэл олгосны үндсэн дээр зөвшилцөх талаар юу ч хийгээгүй билээ.

Эмнести Интернэшнл нь тус нутгийн уугуул иргэдтэй хамтарч ажиллаж, 2005 оны Энэтхэгийн Мэдээлэл авах эрхийн тухай Актын дагуу өргөдөл гаргасан, учир нь Веданта хөнгөн цагааны үйлдвэрээс үүдэлтэй бохирдлын талаарх мэдээлэл Төрд байсан. Мэдээллийг ил тод болгосноор хөнгөн цагааны үйлдвэрийг томруулах болон Донгриа Кондын уламжлалт газар нутагт уул уурхайн төсөл явуулахыг зогсоож чадсан бөгөөд Энэтхэг улс дахь зохицуулалтын талаарх дараагийн үе шатанд чухал алхам болсон. Мөн энэхүү мэдээлэл нь тус компанийг хариуцлагагүй болохыг Ведантагийн хөрөнгө оруулагчдад ойлгуулахад гол түлхүүр болсон.

Монгол улсын хуулиар ард иргэдийг мэдээллээр хангах болон иргэдийн эрхэд нөлөөлж болзошгүй аливаа төслүүдийг эхлүүлэхээс өмнө тэдэнтэй зөвшилцөх асуудлыг баталгаажуулах хэрэгтэй.

 


3. Зөрчигдсөн эрхээ үр нөлөөтэйгээр сэргээлгэх эрх

Хүний эрхийн Олон улсын хуулийн дагуу, эрх нь зөрчигдсөн хэн ч эрхээ үр нөлөөтэйгээр сэргээлгэх эрхтэй. Эрхээ сэргээлгэх гэдэг нь компаний үйл ажиллагаанаас үүдэн гарсан хүний эрхийн зөрчлийг арилгах арга хэмжээ болон хүний эрхийн зөрчлийг бий болгосон компаниудад хариуцлага тооцох төрөөс авах арга хэмжээг аль алинийг нь хамруулна.

Компаний үйл ажиллагааны улмаас хохирсон хохирогчид өөрийн эх орондоо ч мөн компаний төв болон томоохон хэмжээний үйл ажиллагаа явуулж буй улс оронд ч үр нөлөөтэйгээр эрхээ сэргээлэхэд янз бүрийн бэрхшээлтэй тулгардаг болохыг Эмнести Интернэшнлийн хийсэн судалгаанаас тодорхой харагдаж байна.

Эмнести Интернэшнлийн Нигер Делта газрын тосны үйлдвэрт хийсэн судалгаанаас харахад газрын тосны олборлолтоос үүдэн гарах сөрөг нөлөөнд нөхөн олговор олгох албан бус тогтолцоо нь эмэгтэйчүүдийг дорд байдалд оруулсан буюу тэднийг үйл ажиллагаанаас хассан болохыг олж тогтоосон. Газар тариалан болон загасны аж ахуйд ажилладаг эмэгтэйчүүд газрын тосны үйлдвэрийн хор уршгаас болж хохирсоор байхад ихэнх хэлэлцээр наймааг голчлон эрэгтэй дарга нар, залуусын хооронд хийдэг байна. Эмэгтэйчүүдийн эрхийн талаарх тэмцэгч Алис Укокогийн хэлснээр “Засгийн газар болон газрын тосны компаниуд нь Нигер Делтагийн асуудалд оролцох эрхтэй Нигер Делтагийн ядуу эмэгтэй ардуудад нөхөн олговор олгохоос болон тухайн асуудлаар тэдэнтэй хэлэлцэхээс татгалздаг” гэсэн байна.

Зааны Ясан Эрэг Улс дахь Абияан-д хорт бодисын хаягдлыг хаяхаас өмнө, хаяж байхад, хаясны дараах үйл явдлыг шалгасан нарийвчилсан шалгалт дээр үндэслэн Эмнести Интернэшнл болон Грийньпийс байгууллага хамтарсан тайлангаа өнгөрсөн долоо хоногт гаргасан. Хортой бодисын хаягдал болон тээвэрлэлт нь дэлхийг дамнасан ба хаягдлыг Трафигура компани Дундад Тэнгисээс Нидерланд, Эстонь, Нигерт эцэст нь Зааны Ясан Эрэг Улс хүртэл тээвэрлэсэн байна. Трафигурагийн энэхүү хууль бус хог хаягдлын тээвэрлэлт, Трафигурагийн хөлсөлсөн Томми гэх хортой хог хаягдал хаясан компаний ажилтнуудын хийсэн үйлдлээс болж Абияаны хүмүүсийн эрүүл мэндээ хамгаалуулах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх болон хөдөлмөрлөх эрх нь ихээр зөрчигдсөн байна. Тус газрын хэдэн мянган хүмүүсийн дотор муухайрах, толгой өвдөх, бөөлжих, гэдэс базлах болон арьс, нүд загатнах зэрэг эрүүл мэндийн асуудалтай тулгарсан байна. Эмнэлгийн ажилтнуудын мэдээлснээр энэ хортой хаягдлын улмаас 100,000 гаруй хүн эмнэлгийн үйлчилгээ авсан байна.

Яг ийм төрлийн үйл ажиллагаа, нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилготойгоор Базелийн Конвенцийг баталсан билээ. Үндэстэн дамнасан аюултай хаягдлын тээвэрлэлтээс урьдчилан сэргийлэх олон улсын хэм хэмжээ болон улс хоорондын хамтын ажиллагааны дэгийг тогтоох зорилгоор тус Конвенцийг бий болгосон. Үндэстэн дамнасан корпорациуд нь өөр өөр улс орон дахь хуулийн цоорхойг ашиглан уг дэглэмээс зайлсхийж чадаж байгааг энэхүү хэргээс тодорхой харлаа. Хэд хэдэн шүүн таслах ажиллагаа явуулж хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлсэн ч, Зааны Ясан Эрэг Улсад болсон эрүүгийн хэргийн хариуцлага хүлээх хүмүүсийг яллах хамтын зохицуулалт болон олон улсын хамтын ажиллагаа огт байхгүй байна. Трафигураг аюултай хаягдлыг хууль бусаар экспортолсонн гэдэг үндэслэлээр Нидерланд Улсад ял ногдуулсан ч Зааны Ясан Эрэг Улсад үйлдсэн гэмт хэргийн талаар ямар нэг шалгалт, мөрдлөг хийхгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан нь энэхүү хэргээс болж хохирсон хохирогчдыг гаргуунд нь орхиж байна гэсэн үг юм. Зааны Ясан Эрэг Улсад хорт хаягдлыг хаяхад оролцсон аж ахуйн нэгжүүд болон уг хэргээс болж ард иргэд, байгаль орчинд үзүүлсэн хор хохирлын эсрэг бусад ямар ч улс орон мөрдөн шалгалт явуулахаар хөөцөлдөөгүй байна.


Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанаас болж хохирсон бүх хохирогч шүүхэд хандах зэргээр үр нөлөөтэй эрхээ сэргээлгэх явдлыг Монгол Улсын хуулиар хангах хэрэгтэй. Ингэхийн тулд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үр нөлөөтэйгээр хянах хуулийн хүчин чадалтай, мэргэжлийн ур чадвартай, хангалттай нөөцтэй, бат бөх, бие даасан, ил тод зохицуулалтын байгууллага байх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд өртсөн хувь хүн болон ард иргэдэд нийтийн албаны зүгээс аж ахуйн нэгжүүдийн холбогдох бүхий л мэдээлэл болох хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, гэрээ, байгаль орчин, нийгэм болон хүний эрхэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ, хяналт шалгалт болон осол эндлийн тухай тайлан, эрсдлийн менежмент болон гомдлын механизм зэрэг мэдээллийн хүртээмжтэй байдлыг бий болгох хэрэгтэй. Засгийн газар нь мөн компаниудыг энэхүү мэдээллийг ил тод болгохыг хуульчилж, компаниудын хууль бусаар нуун дарагдуулж буй мэдээллийг сонирхсон талууд олж авах хууль зүйн зохицуулалт бий болгох шаардлагатай.

Тухайн нутаг дэвсгэрээс гаднах хууль эрх зүйн хэм хэмжээнүүд нь хохирогчдын эрхийг сэргээх хуулийн гарцуудыг нээж өгөх ёстой. Компани учруулсан хохирлын хариуцлагыг хүлээж байгаагийн хувьд аливаа компаний төв удирдлагаас нөхөн олговор авдаг болоход энэ нь чухал ач холбогдолтой байж болох юм.

Монгол Улсын Засгийн газартай хийж буй аливаа хөрөнгө оруулалт болон гэрээ хэлэлцээр нь компаниудыг үр нөлөөтэйгээр зохицуулах болон хохирогчдын эрхээ сэргээлгэх явдлыг хүртээмжтэй болгож хэрэгжүүлэх тус улсын чадварыг нь дутуу үнэлэхгүй байх явдлыг Монгол Улсын Засгийн газар хангах хэрэгтэй.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 688632 дахь зочин боллоо.