Бидэнтэй нэгд

Бид хэн бэ

Эмнести Интернэшнл нь хүний эрхийг хамгаалагчдын даян дэлхийн хөдөлгөөн юм.

Эмнести Интернэшнл нь аль нэг засгийн газар, улс төрийн бүлэглэл, шашны үзлээс тусгаар бие даасан байгууллага. Өөрөөр хэлбэл аливаа засгийн газар, улс төрийн бүлэглэлийн байр суурийг эсэргүүцэх буюу дэмждэггүй. Засгийн газар сөрөг хүчнүүдийн үзэл суртал буюу хувь хүний үзэл бодлоос үл шалтгаалан тухайн тохиолдолд зөвхөн хүний эрхийг хамгаалах асуудлыг л авч үздэг.
Бидний хүсэл

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал болон бусад олон улсын хүний эрхийн жишиг хэмжээнд заасан хүний эрх, эрх чөлөөг энэ дэлхийн хүн бүрт бүрэн эдлүүлэхэд оршино.

Бидний чин зорилго

Эмнести Интернэшнлийн чин зорилго бол хүний бүхий л эрхийг хамгаалахдаа бие махбод, оюун санааны төгс байдал, чөлөөтэй сэтгэн бодох, үзэл бодлоо илэрхийлэх, мөн ялгаварлан гадуурхагдахгүй байх зэрэг эрх, эрх чөлөөг ноцтой зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор судалгаа явуулж, бодитой арга хэмжээ авах явдал юм.
 
Эмнести Интернэшнл Монгол Улсад

1990 онд Францад цугларсан Европын 34 орны тэргүүний уулзалтаас “Парисын Дүрэм”-ийг батласнаар зөвхөн Европ төдийгүй бусад тивийн том, бага улс гүрнүүд өөрсдийн дотоод хэргээсээ илүүтэйгээр ардчилал, хүний эрхээр баталгаажсан хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлсийг бодитой түвшинд хамтран хамгаалахад анхаарсан юм. Монголчууд ч улс төр, иргэний зориг өвөрлөн хүчирхийллийн бус аргаар нийгмийн шинэ дэвшилд нэгдсэн энэ үед өөрсдийн зорилгоо ухамсарлан хүч оюунаа дайчилж чадсан бүлэг хүмүүсийн тоонд “Эмнести Интернэшнл”-ийн Монголын хөдөлгөөнийхөн зүй ёсоор багтана. Анх нэгхэн бүлэгтэй байсан бол одоо хүрээгээ тэлэн албан ёсны 11, албан бус 8 бүлэг, нийт 320 гаруй гишүүд, 1000 гаруй дэмжигчидтэй байгууллага болон ажиллаж байна. Монгол дахь салбар хүний эрхийн талаарх дэлхий дахины кампанит ажилд оролцохоос гадна өөрийн орондоо хүний эрхийн боловсролын чиглэлээр тухайлбал бүх шатны сургууль, боловсролын хөтөлбөрт хүний эрхийн талаарх мэдээллийг тусгах, олон улсын хүний эрхийн хэм хэмжээг таниулах, гэрээ конвенцийг батлуулах, дэлхийн улс орнуудын болон өөрийн орны хүний эрхийн талаарх мэдээ мэдээллийг орчуулж тараах чиглэлээр ажилладаг.
 
Эмнести Интернэшнл Дэлхий Дахинд

Эмнести Интернэшнл дэлхийн 150 улс орон, газар нутгийг хамарсан 1.8 сая гаруй гишүүд, захиалагчтай. Дэлхийн 55 оронд үндэсний салбартай бөгөөд эдгээр салбар нь оюутан залуучууд, хүүхэд эмэгтэйчүүд, хуульчид гэх мэт 44000 гаруй төрөлжсөн тусгай бүлэгтэй. Салбар, зөвлөлгүй орнуудад ч 2000 гаруй олон улсын болон үндэсний бүлэгтэй. НҮБ-ын Эдийн засаг нийгмийн зөвлөл, Олон улсын парламентын холбоо, НҮБ-ын Боловсрол Шинжлэх ухаан Соёлын байгууллагатай албан ёсны байнгын харилцаатай байдаг. Эмнести Интернэшнлийг НҮБ-аас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 30 жилийн ойг тохиолдуулан хүний эрхийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж хүний эрхийн шагналаар, 1977 онд эрх чөлөө шударга ёс, дэлхий дахины энх тайвны төлөө тэмцсэний тул Нобелийн Энх тайвны шагналаар тус тус шагнажээ.

Эмнести Интернэшнлийн гүйцэтгэх дээд байгууллага нь Лондон дахь Олон улсын Нарийн Бичгийн Дарга Нарын Газар юм. Энд 50 шахам үндэстэн ястны төлөөлөгч, 410 гаруй ажилтан, 120 гаруй сайн дурынхан ажилладаг. ОУНБДНГазар нь өөрийн судалгааны хэлтэстэй.

Эмнести Интернэшнл нь дэлхийн 140 гаруй улс оронд 1000000 гаруй гишүүд, дэмжигчидтэй бөгөөд тэднийхээ хандив тусламж татвараар санхүүждэг бөгөөд хүний эрхийг хамгаалах, судалгаа хийхдээ засгийн газраас санхүүжилт авдаггүй.