Нэвтрэх Бүртгүүлэх
(Голомт ЦЭХ) Селен гэдэг бодис хаанаас гэнэт гарч ирээд хүн мал, ус бэлчээр хордуулаад байгаа юм бэ?

Ерөнхий сайдын томилсон ажлын хэсгээс Улаанбадрах суманд зэс, селенийн хэмжээ өндөр байгааг илрүүлсэн ч мал олноороо үхэж, ургийн гажиг, зулбалт, малын дотор эрхтэний хордолтын шалтгааныг тайлбарлаж чадаагүй.

Тэгвэл Дорноговь,Сүхбаатарын ураны ордууд нь геологийн талаасаа “Roll Front” гэх ангилалд багтдаг бөгөөд ийм ордны ураны хүдэр нь Ferroselit (FeSe2), Cелен (Se) зэрэг селений нэгдлүүдтэй хамт байдаг.

Селен нь ураны адил хүхрийн хүчилд уусан газрын гадарга дээр гарч ирж байгаа. Тэр хүхрийн хүчилд ууссан олон элементүүдээс ураныг нь ионжуулах аргаар салгаж аваад үлдсэн химийн бодисуудын коктайлыг хаана яаж арилгаж байгаа тухай мэдээлэл байдаггүй. Ураныг нь ялгаж авчихаад дараа нь хордсон амьтдын биед, байгаль орчинд  уран өндөр гарсангүй, уран гараагүй учраас ураны хордлого биш гэж тайлбарлаж байгаа нь логикгүй яриа юм. Хэрвээ энэ асуудлын үнэн учир шалтгааныг ольё гэвэл уран олборлолтын явцад ямар элементүүд ямар хөдөлгөөнд орж байна, тэрний үр дагавар юу байна гэдгийг олж тогтоох нь гол асуудал юм. Газрын гүнээс соруулан гаргаж авчирсан уусмалаас ураныг нь ялгасны дараа бусад цацраг идэвхит болон олон төрлийн химийн хорт бодисуудыг „Оршуулга/Овоолго“ гэж нэрлэх булшанд зөөгөөд тэр нь салхиар хийсээд тарж байгаа. Мөн тоосжилтын эсрэг гэж хэлээд замаар цувуулаад асгаж байгаа гэж ч ярьж байгаа.

Мөн гүний усанд селений хэмжээ их болсон нь уран олборлотын явцад гүний ус хордсон байх магадлал өндөр байна. Учир нь ураны давхарга нь гүний усны судлын доор байрлаж байгаа.

Селен нь ор мөр төдий маш бага хэмжээгээр хүний эрүүл мэндэд хэрэгтэй боловч хэмжээнээс илүүгээр биед орвол хортой бөгөөд селенийн хордлогыг Селенози гэж нэрлэдэг байна. Селенээр аажмаар архаг хордоход хүний хумс, малын туурайн гэмтэл, өөрчлөлт, турах, үе мөч мэдээгүй болох, явж чадахгүй болох, үс халцрах, мэдрэлийн эд эс гэмтээснээс хөл гараа залж захирч чадахгүй болдог байна. Селенийн хордлогоор мөн уушиг устаж гэмтэх, элэгний церрози,  хэрвээ амьсгалын замаар биед орсон бол нус, нулимс гоожих, ханиалгах, амьсгал боогдуулах шинж тэмдэг илрэнэ. Их хэмжээний хордлогын үед Селен хорт хавдар үүсгэж болно.

Дорноговь аймагт Арева компани уран олборлохдоо газрын гүнээс газрын гадаргуу дээр гаргаж ирж байгаа элдэв төрлийн химийн бодисуудын зөвхөн нэг нь Селен юм. Тэр олон төрлийн химийн болон цацраг идэвхит бодисуудаар хүн мал, ус бэлчээр давхар давхар хордсоор байхад Монголын засгийн газар учир шалтгааныг нь тогтоож чадахгүйгээс гадна авсан шинжилгээний дүнг ч олон нийтээс нуусаар байна.

Уран олборлох 2 удаагийн жижигхэн тест туршилтаас  ийм үр дагавар гарч байхад, жинхэнээсээ тэр их газар нутгийг хамарсан олборлолт хийгээд ирэхээр юу болох вэ?